Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалав

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг маргааш 11:00-12:30 цаг хүртэл 90 минут зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй. Иргэд СӨХ-оороо дамжуулан болон сайн дураараа их цэвэрлэгээнд хамрагдах боломжтой” хэмээсэн юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээнд 955 хүн ажилладаг. Үүнд гэр хорооллын зам ороогүй. Стандартаараа нэг хүн өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг ч өдгөө хүн хүчний хүрэлцээ хомс, нэг хүн 13 мянган ам метр талбай цэвэрлэж байна. Иймээс иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ. Түүнчлэн гэр хорооллын иргэдийг ч хашааныхаа ойр орчмыг цэвэрлэхийг уриаллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч оролцоно.

Мөн үеэр сэтгүүлчид Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаас халиа тошин үүсэн газруудад ямар хэмжээ авч байгааг тодруулахад “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг. Их хэмжээний халиа тошин үүсэн газруудыг сувагчилж, инженерийн байгууламж хийж, усыг зайлуулах байдлаар шийдэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй. Халиа тошин арилгах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Өчигдөр дээрх байгууллагууд болон дүүргийн удирдлагууд хамтарсан уулзалт хийсэн. Авах арга хэмжээг тогтож, УБЗАА-наас дүүргүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, санхүүжилтийг шийдэхээр боллоо. Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд хүний гар ажиллагааг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зарчим баримтална. Энэ хүрээнд үе шаттай тоног төхөөрөмжийг шинэчлэх, ирэх сараас ХБНГУ, БНХАУ-аас хүнд машин механизм орж ирж байгаа” гэв. Түүнчлэн жижиг оврын ухаалаг, өртөг зардал багатай төхөөрөмжийг нэвтрүүлэхээр судалж байгааг хэлж байлаа.