Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг бий болж байна
Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод болгох ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2,955 иргэн анкетаа ирүүлсэн. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан 2,407 иргэн сорилын шалгалт өгч байна. Шалгалт хоёр өдөр үргэлжилж, ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх хүнээс ярилцлага авах юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, чадварлаг баг бүрдүүлэхэд анхаарч байна. “Эрдэнэс Монгол” ХХК-иас эхлэн шинэ жишиг тогтоож, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдүүллээ. Цаашид төрийн өмчит компаниудад ямар нэг хүнд суртал, улс төрийн нөлөөллөөр ажилд ордог биш шударга, ил тод сонгон шалгаруулалт явуулдаг журам гаргах болно” гэдгийг онцлон хэллээ.
Тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системээр зохион байгуулж буй бөгөөд тус систем нь Тагнуулын Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаар баталгаажжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагддаг. Иймд компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах, охин компаниудын засаглал, менежментийг сайжруулж, хүний нөөц, худалдан авалтын бодлогыг нэгдсэн байдлаар явуулахыг зорьж байна.