Иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангахыг үүрэг болгов

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын дадлага сургуулилтын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт болсон тохиолдолд бэлтгэл ажил ямар байгааг шалгах үзүүлэх сургуулилалтыг тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулна. Гуравдугаар сард зохион байгуулдаг байсан Газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах цугларах дадлага, сургуулилтыг энэ удаа хийхгүй. Сургуулилалтын үр дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна” гэлээ.  Газар хөдлөлтийн үед холбогдох байгууллагууд ямар чадавхтай байгааг тодорхойлж гаргаж ирэх нь энэхүү сургуулилалтын гол зорилго аж.

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
  • “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлэх арга хэмжээ, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.