Дархлаа ба Дохио

Тэртээх 2009 онд Монголын Засгийн газар, Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд үзэглэсэн Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ 14 жилийн дараа албажиж, бодит хөрсөн дээр буух хувьтай байжээ. Хөрөнгө оруулалтын гэхээсээ Тогтвортой байдлын гэрээ гэвэл үнэнд илүү нийцэх бас ойртох хоёр талын тохиролцоо, баримт бичгээс хойш дөрвөн парламент, найман Ерөнхий сайд, төдий хэмжээний Засгийн газрын нүүрийг үзсэнээр сая Оюу Толгойн эрдсийн хамгийн өндөр агуулгатай, ашиг орлогын цөм болсон Гүний бүлэг ордыг ийнхүү ашиглалтад оруулж байна. Одоогоос яг жил гаруйн өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгч байсан түүхтэй.

Том төсөл, том хөрөнгө оруулалт гэдэг урт хугацаандаа хэрэгждэг, үр ашгаа өгдөг жамтай. Яг ийм жишгээр 2009 онд "Стандарт бус Засгийн газар" гэх тодотгол, нийгэм, улс төрийн шүүмжлэлийг сөрөн байж сөрөг хүчин АН-тай хамтран Оюу Толгой хэмээх аварга төслийг хөдөлгөсөн нь 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын гавьяа болж үлдсэн шиг Гүний уурхайн бүтээн байгуулалтыг тогтвортой үргэлжлүүлж, албан ёсоор үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах улс төрийн шийдвэр гаргах түүхэн цаг үе нь Л.Оюун-Эрдэнэд ирсэн нь энэ байв. Дунд хугацаандаа Засгийн газар, хөрөнгө оруулагч талын үл ойлголцол, дотоодын улс төрийн нөлөөнөөс үүдэж таг гацаж, тэг зогссон эл төсөл одоо ч олон арван хардлага, шүүмжлэлийг дагуулдаг нь нууц биш. Гэлээ гээд гэдийгээд суух биш хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээнд суух, хэн хэндээ харилцан ашигтай байдлаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь энэ Засгийн газрын нэн тэргүүний зорилго байсан уу? гэвэл мэдээж тийм. 

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, мега төсөл бүрийг үгүйсгэдэг, тэр хэрээрээ улс төр, нийгмийн хүрээлэлд танигдсан, УИХ-д хэдэнтээ сонгогдсон гишүүдийг хүртэл Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаахаас эхлээд амаргүй цаг хугацааг туулсан нь саяхан. Тодорхой, тоймтой, нааштай үр дүн ч гарсан. УИХ-аас баталсан 103 дугаар тогтоолыг баталж, Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр харилцан тохиролцож чадсан нь энэ оны эхний улиралд буюу өнөөдөр бүрэн ашиглалтад оруулснаар илэрч байгааг тодотгох гээд байгаа хэрэг. 

Үндсэндээ Монгол Улс өнөөдрөөс дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох тоолуур гүйж эхлэх нь. Энэ хэрээр эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа гурав дахин нэмэгдэх тооцоотой. Засгийн газрын 34 хувь эзэмшлийг хариуцаж ирсэн "Эрдэнэс Оюу толгой"-д ногдох өрийн хэмжээг 2012 оны түвшинд аваачиж, Гүний уурхайн төслийн зардлын хэтрэлтийг хөрөнгө оруулагчид өөрсдөө хариуцахаар болсон нь ч бас нэгэн дэвшил, хэлэлцээний бодит үр дүнгийн илрэл. Монголчууд ногдол ашиг хүртэх хугацаа наашилна аа л гэсэн үг. Монголын талд ирэх төслийн эдийн засгийн өгөөж 53 хувиас дээш заах үзүүлэлтийг ингэж л баталгаажуулжээ.

Эдгээрийн зориуд онцолж тодотгоод байгаа нь шалтгаантай. Ерөөсөө л 14 жилийн турш дуншиж, дундаа улс төрийн уур амьсгалд шуурга дэгдээж ирсэн Оюу Толгойн Гүний уурхайг ашиглалтад оруулж, ажиллуулахаар болж буй нь гадаадын хөрөнгө оруулагч нарт маш том эерэг дохиог өгөх нь мэдээж. Ямар ч байсан Монголын тал, Засгийн газар хамгийн том төслийг хариуцаж буй хөрөнгө оруулагч талтайгаа ам хэлээ ололцож, хамгийн том зэс, алтны төслөө бүрэн хүчин чадлаар нь ашиглахаар болсон нь чухал юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчдыг чиглэсэн эрх зүйн орчин нь олон жилийн турш ойлгомжгүй, тодорхойгүй явж ирсэн Монгол Улсад тогтвортой байдлын томоохон дархлаа нь Оюу Толгой болж үлдэх нь. Одоо биднээс шалтгаалах ганцхан зүйл бий.

Гадаадын хөрөнгө оруулалтыг чиглэсэн зохицуулалтыг боловсронгуй, тогтвортой болгож эдийн засгаа тэлэх нь энэ Засгийн газрын зорилго, "Шинэ Сэргэлтийн бодлого"-ын гол цөмийн нэг нь үнэн л юм бол томоохон мега төслүүдэд дотоодын улс төр, улстөрчдөөс хамгаалсан дархлааг бий болгох л учиртай. Яг л Оюу Толгой дээр ойлголцож чадсан шиг ээ! "Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатайг хэн хэн нь, хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэлсэн энэ цаг үед тогтвортой байдал чухал уу? гэвэл мэдээж тийм. Хамгийн чухал нь!

С.Гандөл