Х.Булгантуяа: Монголын талын гол худалдаа бензин шатахуун

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын "Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс"-ын 15 дугаар хуралдаан Буриадын Улаан-Үд хотод боллоо.

Энэ үеэр Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа “Монгол, Оросын худалдаа эдийн засгийн эргэлт 2.7 тэрбум доллароор хэмжигдэж байна. Энэ тоог өмнөх онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Монголын талын гол худалдаа бензин шатахуун байна.

Манай улсын экспортын 90 хувь нь БНХАУ-д гарч байгаа ч иргэд хоорондын зорчих хөдөлгөөн ОХУ-тай хил залгаа боомтуудаар илүү их байдаг. Иймд боомтын сэргэлтийг эрчимтэй өрнүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаа. Нэг талын боомт гэж байхгүй. Хоёр талын боомт гэж бий. Тиймээс хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт чухал" гэлээ. 

ОХУ-тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа боомтуудын шинэчлэлийн ажлыг наашлуулж өгөхийг хүсэв. Мөн Монголын боомтуудын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг тодотгосон юм.

Тухайлбал, Боршоо боомтын бүтээн байгуулалт 98 хувьтай, Алтанбулаг боомтын барилга, байгууламжийн ажил 60 хувьтай байна.Монголын тал ОХУ-тай хил залгаа боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Энэ зун зарим боомтын бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдсөн гэдгийг онцоллоо.

 

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.В.Вольвач “Монгол Улс боомтын асуудал эрхэлсэн сайдтай болсонд талархаж байна. Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны маш чухал гүүр бол боомтын хөгжил. ОХУ ч цар тахлын амаргүй үед Монгол Улстай хил залгаа боомтоо өргөтгөн шинэчлэх ажлуудыг эрчимтэй хийсэн.

Тээвэр ложистикийг хөгжүүлснээр худалдаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа улам өргөжнө. Мөн иргэд хоорондын харилцаа ч чухал нөлөөтэй. Тиймээс ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлсэн. Энэ жилээс 600 оюутан суралцуулахаар квот тогтоосон. Мөн Оросын тал Монгол Улсаас ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн импортлон авч, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн экспортолно.

Түүнчлэн боомтын үйл ажиллагааг сэргээснээр иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа" хэмээн хэлэв.