Яагаад яам байгуулсны хариулт нь энэ байна!

Үндэсний баялгийн сантай болох “Монгол мөрөөдөл” хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын цээжинд нэгэн аравны турш явсаар биеллээ олсон нь саяхан. Хуулийг хэлэлцэж батлах нэг өөр, хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгах бүр өөр. Хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн ч хэрэгжүүлэх процесс нь харилцан уялдаагүй, хангалтгүй түвшинд байвал хууль “амь орж”, албажихгүй. Цагаан дээр хараар бичсэн нь үнэн ч тунхаг төдий л болж үлддэг гэмтэй. Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтэд ийм эрсдэл бас болгоомжлол өнөөдөртөө бий юу? гэвэл бий. Гэвч тийм биш бололтой. 

Хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай эхний тогтоолыг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа. Ийн тодотгохын учир нь стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг түрүүчээсээ “Хуримтлалын сан”-д төвлөрснийг Ерөнхий сайд зарлав. Мөнгөн дүн нь 1.2 их наяд төгрөг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг нийтийн эзэмшлийнх болгосон, Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн, “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, ногдол ашгаа хуваарилж эхэлснээр энэ хэмжээний хуримтлал бүрдэх түүхэн боломж бий болжээ. 

Сангийн сайдын мэдээлснээр “Хуримтлалын сан”-д бүрдсэн 1.2 их наядаар 10 мянган айл, өрхийг ипотекийн зээлд хамруулах эрх нээгдэх нь. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” компаниас 500 тэрбумыг ипотекийн зээлийн санхүүжилтэд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд хамгийн их мөнгөн дүн нь 700 тэрбумд хүрч байсантай харьцуулахад түүнээс 500 тэрбумаар давсан санхүүжилт олгохоор болсон нь маргаангүй сайн мэдээ. Үндсэндээ арилжааны банкууд 200 тэрбумыг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Төв банк 500 тэрбум, үлдсэн 500 тэрбумыг “Хуримтлалын сан”-гаас гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эх үүсвэр нь хангалтгүй байснаас үүдэж, 17 мянган иргэний хүсэлтэд дарагдаж, “түгжигдсэн” ипотекийн зээл ийнхүү гацаанаас гарч байгаа юм. 

Ипотекийн зээлийг санхүүжүүлж эхэлснээр бодитоор хэрэгжих Баялгийн сангийн хуваарилалт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. “Хуримтлалын сан”-д ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр иргэн бүр хуримтлалтай болно гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга хэлсэн нь санаандгүй үг биш байв. Харин “И Монголиа” платформд иргэдийн “Хуримтлалын сан”-гийн мэдээллийг багтаасан цэсийг шинээр нэмэхийг салбарын яаманд үүрэг болгосныг дуулгасан хэрэг. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр“И Монголиа”-д бэлэн бусаар зарцуулах Хуримтлалын данстай болох нь. Хуулиараа Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр тусгасан. Үүний эхлэл нь 1.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 10 мянган өрхийг орон сууцтай болгох хөтөлбөр. Нэгэнт санхүүжилт нь тодорхой болсон учраас арилжааны банкуудын мэдэх асуудал.  

Харин иргэн бүрийг “И Монголиа”-д Хуримтлалын данстай болгох нь цэвэр Засгийн газар, тэр тусмаа Цахим хөгжил, харилцааны холбооны яам, Н.Учрал сайдын гардаж хийх томоохон шинэчлэл байх нь. Бүрэн зураглалаараа гурван жилийн хугацаанд албан ёсоор 1.7 сая хэрэглэгчтэй болж амжсан “И Монголиа” платформыг 3.5 саяулаа ашиглах нь “Цахим үндэстэн” болох том зорилгынхоо томоохон суурийг цутгаснаас өөрцгүй. 

Магадгүй Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсны, сайд томилж, бодлого зангидуулсны товч бөгөөд тодорхой хариулт нь ч энэ байж болох юм. Хүн бүр хүссэн цагтаа “И Монголиа”-гаар дамжуулж Хуримтлалын дансандаа хэдий хэмжээний ногдол ашиг хуваарилагдаж байгаад хяналт тавих нь нэг талаараа хуулийн хэрэгжилтийг хангах хөшүүрэг, нөгөө талаар Төр өөрөө “Шилэн” болоход ташуур болох учиртай. Хуримтлалын нэгдсэн санд хүн бүр данс эзэмшиж, хэдий хэрийн ногдол ашиг хүртэж буйдаа хяналт тавьж эхлэх нь цаг хугацааны л асуудал, Н.Учрал сайдаас бүрэн хамаарахаар болж байна.  

Г.Эрхэс