Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах, Япон, Солонгос, Канад, Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг томилох тухай  асуудлыг хэлэлцлээ. 

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Ажлын албаны дарга Т.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан 3454 дугаартай тогтоол гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар урт хугацааны судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Мөн иргэд, улс төрийн намууд, ТББ-уудаас саналуудыг авч, тодорхой танилцуулгуудыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж мэдээлсэн. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудтай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийхэд бүлгийн хурлаараа хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж ирүүлэх саналыг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. 

Хоёрдугаарт, зарим оронд суугаа элчин сайдуудыг чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэд хэдэн улсын Элчин сайдыг эгүүлэн татах, дөрвөн улсад суух Элчин сайдыг томилохыг зөвшилцөх саналыг  УИХ-д ирүүлсэн. Тухайлбал, Канад улсад Э.Сарантогосыг, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Б.Баярсайханыг, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Б.Энхбатыг, Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар С.Золжаргал нарыг тус тус томилох саналыг ирүүлсэн юм. Эдгээр саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ” гэв.