Ийм л ЮМ!-1

...Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно...

1992 онд эх барьсан Үндсэн хуулийн 20, 21 дүгээр эл заалт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөөд 32 жилийг үдэв. Уг заалтын хүрээнд парламентын найман удаагийн сонгуулийг явуулж, давхардсан тоогоор 532 хүн УИХ-ын гишүүнээр ажиллажээ. Энэ парламентын бүрэлдэхүүнийг нэмж тооцвол яг 608. “Эцэг хууль”-даа олон ургалч үзлийг шигтгэж,  Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн нь өнгөрсөн хугацааны хамгийн том ололт мөн үү? гэвэл мэдээж тийм. ОХУ, БНХАУ гэсэн хоёр гүрний дунд геополитикийн өвөрмөц онцлогтой оршдог Монгол Улс өнөөдрийг хүртэл ардчиллын үнэт зүйл, зарчмаасаа хазайлгүй хагас жаран туучсаны нэг дархлаа нь энэ. Алдсан нь ч бий, оносон нь ч байна.

Гэвч хүн амын тоо өсөхийн хэрээр, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өөрчлөгдөхтэй зэрэгцэн 30 жилийн өмнөх тогтолцоо нь өөрөө “ярьж” эхэллээ. Гэдэг нь ард түмэн төлөөллийн эрхээ бодитоор эдэлж байна уу? Гишүүд нь иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? зэргээр “Эцэг хууль”-ийн 30 жилийн заагт асуулт хөврөх болов. Эдгээр асуултын хариулт нь системийн суурь өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүйгээр Байнгын ажиллагаатай парламентын засаглалын нэр хүнд унасаар эцэстээ иргэдийн итгэл алдрах эрсдэл дагуулах хэмжээнд тулсныг бид бүгд харж байна. 

Ийм байдалд орохгүйн тулд, парламентын засаглалаа илүү бодлогын, сонгодог тал руу явуулах санаачилга ил, далд олон жил явсан ч нэн тэргүүнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх заалт бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг парламентаар хэлэлцэж эхэллээ. Төслийн анхны хувилбараар 152 гишүүнтэй болох саналыг тусгасан ч хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр 126 дээр буусан нь саяхан, өнгөрсөн долоо хоногийн үйл явдал.

Ардчилсан Үндсэн хуулийг батлах үед нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан байдаг. Харин өнөөдөр Монгол Улсын хүн ам гурван саяыг давсан нь 1992 онтой харьцуулахад нэг саяар нэмэгдэж, нэг гишүүн 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна. 

1992 оны парламенттай харьцуулах өнөөгийн гишүүдийн эрх мэдэл хоёр дахин нэмэгдэж, шийдвэр гаргахад жин нөлөө нь их буюу эрх мэдэл нь данхайсан гэсэн үг. Тендер авдаг, хүүгүй зээл рүү хуруугаа дүрдэг, улс орны гэхээсээ зөвхөн тойргийнхоо хэмжээнд хөрөнгө оруулалт шахдаг, шантаажилдаг байдал газар авсан нь нууц биш. УИХ-ын гишүүдийн эрх мэдэл нь данхайснаас биш парламент нь өөрөө давжаарсан гэдгийг онцлох гээд байгаа хэрэг. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банк, ЖДҮ, бүр Тусгай сан болгонд УИХ-ын гишүүд нь ямар нэгэн байдлаар хуруу дүрчихсэн, холбоо хамааралтай байгаа нь үүнтэй л холбоотой.

Улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлж батлуулдаг, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн хүчнийг төрийн албанд байршуулдаг асуудал ч газар авсан, бүр даам гарсан. 30 жил бугшиж ирсэн эл асуудал эцэстээ нүүрс, Хөгжлийн банк, ЖДҮ, Тусгай сангуудаар дамжин хагарч буй нь сайшаалтай ч системээр нь, сууриар нь өөрчилж, салхи оруулахгүйгээр хулгай байсаар л байна. Үндсэндээ төр, төрийн өмчит компани байгаа цагт хулгай байж л таарна гэх бидний ой тоонд хадагдсан ойлголтоос салах хамгийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж, нэг хүнд ногдох жин нөлөөг нь багасгах. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангах нь УИХ-аар хэлэлцэж буй өөрчлөлтийн гол агуулга нь. Асуудал нь тоондоо биш тогтолцоондоо байна аа л гэдгийг бид эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой юм.

Г.Эрхэс