С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Анужин: Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн зөрүүг ихэсгэсээр байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр үргэлжиллээ.
Хэлэлцүүлгийг Эва Их Сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким чиглүүлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар үндсэн илтгэл тавив.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин илтгэлдээ, Монгол Улсад жендэрийн тэгш байдлын үнэлгээ олон улсын дунджаас бага зэрэг дээгүүр байгаа хэдий ч 2010 онтой харьцуулахад буурсан байна. Дэлхийн эдийн засгийн форумын 2022 оны дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын дэлхийн дундаж үзүүлэлт 68.1% байсан бол Монгол Улс 71.5%-иар, нийт 145 орноос 70 дугаарт, Зүүн Ази, номхон далайн бүс нутагт 7 дугаар байранд орсон ба 2010 оны үзүүлэлт /71.9%/ -ээс 0,5 нэгжээр буурсныг дурдав. Түүнчлэн Монгол Улс эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдэд хөгжлийн тэгш боломж, сонголт бий болгоход чиглэсэн, Монголын нийгмийн онцлог, хөгжлийн өнөөгийн хэрэгцээнд илүүтэй нийцсэн “Жендэр ба хөгжил” хандлагыг баримталж, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал баталсан гээд хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2 үндэсний хөтөлбөр, 1 стратеги төлөвлөгөө, мөн 14 салбар, нийслэл, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт жендэрийн тусгайлсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна гэв.
Монгол Улсын “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг багасгах, хөдөлмөрийн хүрээн дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, бүх нийтэд жендэрийн боловсрол олгох тогтолцоог хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний бүтэц тогтолцоог бэхжүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зэргээр жэндэрийн тэгш бус байдлыг арилгаж, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг төрийн бодлого төлөвлөлтөд нэвтрүүлж, хүн, нийгэм, засаглалын хөгжлийг тогтвортой дэмжихийг зорьж байгаа аж. Тэрбээр, Нийгэм, соёлын хүрээнд: Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн үзүүлэлтүүд гол төлөв ахиц дэвшилтэй байгаа ч боловсролын чанар, агуулга жендэрийн тэгш байдлын үнэт зүйл, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх болон жендэрийн хэвшмэл ойлголт дорвитой өөрчлөгдөөгүй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хөгжөөгүй, Улс төрийн хүрээнд: Монгол Улсын хүн амын тал хувь, хөдөлмөрийн насны хүн амын тал хувь, сонгогчийн насны хүн амын тал хувь болсон эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллах байдал нь 30 хувьд ч хүрэхгүй байна. 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд байна. Хамгийн дээд түүхэн амжилт нь одоогийн парламентад буй 13 эмэгтэй гишүүн буюу 17.1 хувь болж байна, Эдийн засгийн хүрээнд: Улс орны, аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн бодлого төлөвлөлтийн шатанд жендэрийн дүн шинжилгээ хийж, үр нөлөөг тооцох, нөлөөлж залруулах чадвар, нөөц байхгүйгээс жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгахад ахиц гаргаж чадаагүй нь нийгэм дэх тэгш бус байдлыг, түүний дотор хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн зөрүүг ихэсгэсээр байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байна гэв. Тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд:
-Баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд шаардлагатай төсөв, санхүүжилтийг Улсын төсөвт шат дараатай тусгах,
-Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр Улс төрийн нам, түүний санхүүжилтийн тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг нэвтрүүлэх, улс төрийн намуудаас ирүүлсэн онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан тайлан мэдээнд жендэрийн дүн шинжилгээ хийх, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагаа, гишүүдээс санаачилсан хууль /2012-2022/-д жендэрийн дүн шинжилгээ, мониторинг хийх,
-Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү хуулийг боловсруулах нь хүн амын томоохон бүлэг болох эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлж, эрх зүйн орчин бүрдүүлэх замаар тэднийг дэмжих, ингэснээр эдийн засгийн салбар дахь хүйсийн тэгш байдлыг хангах, улмаар нийгмийн харилцаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах үндэслэл болох юм гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд илтгэлдээ, НҮБ-ын дэвшүүлсэн тогтвортой хөгжилд хүргэх 17 зорилгын тавдугаарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал орсон байдаг. Үүний дотор улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах зорилт тавигдсан. Парламент, орон нутгийн эрх барих хуралд суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь болон удирдах албан тушаалд ажилладаг эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөж чадсанаар энэ зорилт биелэлээ олох юм гээд Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилгын тавдугаар зорилгод хүрэхийн тулд хийж амжуулсан томоохон ажил бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн явдал юм гэлээ. Тэрбээр, Монгол Улс Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүд ид хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед ярилцаж, хэлэлцэж, дэвшүүлэх ёстой чухал шийдлүүдэд дараах асуудлуудыг дурдав. Үүнд:
-Нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх,
-Жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилтийн механизмыг бий болгох
-Эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуулийн тогтолцооноос үл хамааран төрөөс нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шууд үзүүлэх,
-Сонгуульд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад дэмжсэн квот тогтоох,
-Эмэгтэй нэр дэвшигчийн сонгуулийн бүртгэлийн хураамжийг багасгах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зардлын зарим зүйл заалтыг хасах, зардлыг эрс бууруулах, хязгаар тавих, телевизийн сурталчилгааны цагийг зохицуулах бусад өөр нэмэлт хувилбар, боломжийг судлан хэрэгжүүлэх,
-Сонгууль шударга явах бүхий л бололцоо, боломж, хяналт, хариуцлагын системийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн саналуудыг дэвшүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, цаашдаа зөвхөн улс төрийн оролцооноос гадна бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, бүх охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хүчирхэгжүүлэх зохистой бодлого, хэрэгжиж болох хууль тогтоомжийг батлан сайжруулах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд төсөв хуваарилдаг, хянах тогтолцоотой болох шаардлага тулгарч байгаа юм. Эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд хангалттай бий болсноор Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжлийн гацаанаас гарах, авлигаас ангид байх, аливаа шийдвэрүүд ил тод болох, хууль дүрэм журмын хэрэгжилт сайжрах гэх мэт олон талын өндөр ач холбогдолтойг онцолсон юм.
“Тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал” хэлэлцүүлэг панел хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сангийн тэргүүн А.Ундраа, жирийн иргэн байхдаа ч, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа ч, одоо ч жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлуудад анхаарал хандуулж ажиллаж ирсэн талаараа дурдаад жендэрийн тэгш байдлын хэрэглээний талаар авч хэрэгжүүлсэн гурван арга, хэмжээ туршлагаасаа танилцуулав. Тухайлбал, НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөн нь хүйсийн тэгш эрхийг ярихын тулд эрэгтэй, эмэгтэй хүйс тэгш оролцоотой байх хэрэгтэй гэж үздэг байна. Энэхүү хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан ноён Бан Ги Мун, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар манлайлан ажилласныг онцоллоо. Иргэний нийгмийн байгууллагаас жендэртэй холбогдолтой арга хэмжээг зохион байгуулахад голцуу 90 хувь нь эмэгтэйчүүд, 10 хувь нь эрэгтэйчүүд оролцдог байна. Харин “HeForShe” хөдөлгөөнд оролцогчдын бүртгэлийг харахад 35 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй хүмүүс бүртгүүлж, идэвхтэй оролцжээ. Түүний хэрэгжүүлсэн өөр нэгэн төсөл бол боловсролын салбарт хэрэгжүүлсэн төсөл аж. Учир нь их дээд сургуулийн орчин бол олон залуус цугладаг орчин юм. Хүйсийн эрх тэгш байдлыг их сургуулиудын түвшинд хангана гэдэг бол маш чухал. Учир нь энэ орчинд залуучууд бие хүн болж төлөвшиж, өсөж, суралцдаг. Тийм учраас их сургуулиуд гэдэг бол үзэл бодол, ойлголт мэдлэгийн өлгий гэж хэлж болно. МУИС, Монгол-Германы технологийн их сургууль зэрэг сургуулиуд оюутнуудын дунд хүйсийн тэгш эрхийн талаар олон арга хэмжээг зохион байгуулжээ. Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг “Эмэгтэй корпорацын захирлууд” хэмээх байгууллага дэлхийн улс орнуудын төлөөлөл болсон 2700 гишүүнтэй аж. Энэхүү байгууллага нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах чиглэлээр идэвхийлэн ажилладаг байна.
БНСУ-ын эмэгтэйчүүдийн байгаль орчны сүлжээний Экофеминист судалгааны төвийн дэд дарга Хиожонг Ким, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын нэг хүйсийн тэгш эрхийн талаар орон нутаг, анхан шатанд иргэний нийгмийн байгууллагуудын түвшинд хэрхэн хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Тэрбээр, орон нутагт, хөдөө аж ахуйн салбараас хамааралтай амьдардаг хүмүүсийн хувьд уур амьсгалын өөрчлөлт маш их нөлөөлж байна гээд жендэрийн тэгш бус байдал, тогтвортой хөгжлийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний хүрээнд авч үзвэл хүн төвтэй энэ иргэншлийг илүү экологийн чиг баримжаатай иргэншилд чиглүүлэх хэрэгтэй байна. Иймд БНСУ-д эмэгтэй фермерүүдийн хөдөлгөөн үүсч, уур амьсгалын өөрчлөлтийн хямралын талаар дуу хоолойгоо нэгтгэжээ. Хүнсний сүлжээнд ажилладаг эмэгтэйчүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад маш их өртдөг аж. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гарсан өөрчлөлтийн хүрээнд дасан зохицох тал дээр ч маш их хүндрэл бэрхшээлтэй учирдаг байна. Тэрбээр, эмэгтэй фермерүүдийн хөдөлгөөн олон улсын түвшинд идэвхжиж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх болсон талаар жишээ баримт түшин танилцуулав.
Индонезийн Их сургуулийн Жендэр судлалын сургуулийн профессор Миа Сискавати, Монгол Улсын парламентын гишүүдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь дэвшилттэй байна гээд Индонези Улсад ч мөн адил эмэгтэйчүүд шийдвэр гаргах түшинд сонгогдон ажиллах байдал өсч байгааг дурдлаа. Профессор Миа Сискавати, хүйсийн тэгш байдалд хүрэх, бүх эмэгтэйчүүд охидод эрх олгох зорилтыг хангаж, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдэг нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17-н зорилттой салшгүй холбоотой юм гээд эдгээр 17 зорилтын хүрээнд хүйсийн тэгш байдал хэрхэн холбогдож байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.