Валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээс өөр сонголт байгаагүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцуулав.

Монгол Улсын өнгөрсөн онд дараалсан томоохон сорилтуудтай тулгарсан болохыг танилцуулгын эхэнд дурдав. Монголбанкны бодлого, үйл ажиллагаа нь цар тахал, олон улсад бий болсон геополитикийн туйлын тогтворгүй байдлаас үүдэлтэй сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, инфляцыг хязгаарлах, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн аж.

2022 онд бүс нутагт үүссэн геополитикийн хямрал, үүнээс үүдэлтэй нийлүүлэлтийн гинжин сүлжээний доголдол дэлхий нийтээр үнийн өсөлтийг эрчимжүүлж, ялангуяа эрчим хүч, хүнсний үнийг өдөөж хөгжсөн, хөгжиж буй олон орон сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр инфляцтай нүүр тулсан нь Төв банкуудыг эдийн засгийн өсөлт эсвэл инфляц гэсэн хүндхэн сонголттой тулгарсныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч онцоллоо.

Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүд болох АНУ, Европын холбооны орнууд одоо ч өндөр инфляц, эдийн засгийн өсөлтийн сааралттай хэвээр байгааг мөн дурдсан. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан нь манай экспортын орлогод эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч биет хэмжээгээр бүрэн сэргэж чадаагүйгээс уул уурхайн салбар 2022 онд уналттай гарсныг тайлан танилцуулах үеэр хэллээ.

Гэхдээ бодит эдийн засаг нийт дүнгээр 4.8 хувиар тэлсэн нь уул уурхайн бус салбарын сэргэлт, тодорхой хэлбэл Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн зээл, санхүүжилтийн багц бодлого, томоохон төслүүдийг эрчимжүүлсэн арга хэмжээний үр дүн гэв. Ийнхүү хөдөлмөр ихээр шингээдэг худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах салбаруудын өсөлт жигд хүртээмжтэй байснаар Монгол Улсын эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшнийг давснаар сэргэлтийн төлөвт ороод байгаа хэмээн дүгнэжээ.

Дэлхий нийтээр бий болсон үнийн өсөлтийн шуурганы хүчтэй нөлөө манай улсад үргэлжилсээр байгаа гэв. 2022 оны турш инфляцын талаас илүү хувийг зөвхөн импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө бүрдүүлсэн нь дотоодын үйлдвэрлэл дутмаг, импортоос өндөр хамааралтай хэрэглээний бүтэцтэй манай улсын хувьд нийлүүлэлтийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог хөгжүүлэх нь инфляцыг хязгаарлахад туйлын ач холбогдолтой болохыг нотлон харуулсан байна. Мөн хоёр хөрш орны хувьд тээврийн гацаа, доголдол үүссэн нь манай улсад тээврийн хугацаа, зардлыг огцом нэмэгдүүлж инфляцыг өдөөх, эдийн засгийн өсөлтийг удаашруулах зэрэг олон сөрөг нөлөөг дагуулсан аж.

 

Нүүрсний экспорт 2022 оны сүүлийн хагаст эрчимжсэн хэдий ч гадаад орчны таагүй нөхцөл, хилийн хязгаарлалт өнгөрсөн оны эхний хагаст эдийн засагт сөргөөр нөлөөлж байсныг тэмдэглэв. Үүний зэрэгцээ гадаад болон дотоодын шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор импорт сүүлийн 2 жил дараалан огцом өссөнөөс төлбөрийн тэнцэл жилийн дүнгээр 727 сая ам.долларын алдагдалтай гарч, улмаар гадаад валютын улсын нөөц 967 сая ам.доллароор буурсан байна. Ийнхүү өнгөрсөн онд гадаад тэнцвэр алдагдаж, нөөцийн хүрэлцээт байдал огцом буурсан тул ханш харьцангуй уян хатан, валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээс өөр сонголт Монголбанканд байгаагүй гэдгийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцууллаа.

Банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд Монголбанкны үйл ажиллагаа чиглэж байгааг хэлээд Төв банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”, “Банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 онд зарим банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж, хувьцаат компанийн өмчлөлийн хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ нь банкны салбарт том дэвшил болсныг онцолсон.

Мөн төлбөрийн системийг шинэ шатанд гаргаж токен үйлчилгээний систем нэвтрүүлэх, дотоодын төгрөгийн “₮” картаар худалдааны түнш орнуудад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байна.

 

Цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал нь Монгол Улсын хувьд тогтвортой эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг эмзэг байдлыг маш тодоор харуулжээ. Тухайлбал, гадаад үнээс дотоод үнэ, ханш хүчтэй хамаарч, тээвэр, ложистикийн тогтвортой байдал нь бизнесийн тогтвортой байдалд маш хүчтэй нөлөөлж байгааг хэллээ. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийн асуудал нь цаашид эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг харуулсныг Г.Дөлгөөн ерөнхийлөгч хэлсэн.

Эдгээр асуудал нь мөнгөний бодлогын хэрэгслээр дангаар шийдвэрлэгдэх бололцоогүй тул Засгийн газартай энэ чиглэлээр хамтран ажиллажээ.  

Мөнгөний бодлогын хороо үнийн өсөлтийг хязгаарлаж, төгрөгийн ханшийг хамгаалах зорилгоор өнгөрсөн онд шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, 2022 онд таван удаагийн шийдвэрээр бодлогын хүүг нийтдээ долоон нэгж хувиар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байхад онцгой анхаарсан ба зээлийн өсөлт 2022 онд дунджаар 19 хувьд хүрчээ. Монголбанкнаас үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч 2022 оны зургаадугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц оны эцэст 13.2 хувь болж саарч, энэ онд ч үргэлжлэн буурах суурь нөхцөл болсон гэв.

Гэхдээ гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн гаралтай болзошгүй шокууд, төсвийн тэлсэн бодлого зэрэг нь мөнгөний бодлогын үүсээд байсан орон зайг хязгаарлаж, инфляц өндөр түвшинд хадгалагдах эрсдэлийг үүсгээд байгааг тэрбээр тайлангийн танилцуулгын үеэр онцоллоо.

Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгааг Г.Дөлгөөн ерөнхийлөгч хэлсэн. Монголбанкны бодлого, үйл ажиллагаагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр чиглүүлээд байгааг төгсгөлд нь хэлсэн.

 

Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /The Financial Action Task Force FATF/ буюу ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт, түүний үр дагаварын талаар, ипотекийн зээл олголтын талаар тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа Монгол Улс 2020 оны аравдугаар сард “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт”-аас гарсан гэдгийг тэмдэглэв.

Одоогоор тус байгууллагын ямар нэг жагсаалтад ороогүй, гишүүн орнууд нь тодорхой хугацааны давтамжтайгаар холбогдох тайлан танилцуулдаг онцлогийг тайлбарласан. Өнгөрсөн онд тус байгууллагын Ази, Номхон далайн бүлэгт тайлангаа хүргүүлж, ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээ авсан бөгөөд Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, батлуулах шаардлага бий гэв. Ингэснээр ФАТФ-ын 40 зөвлөмж бүрэн хэрэгжих юм байна. Ипотекийн зээлийн тухайд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд энэ оны эхний хагаст багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа гэлээ.

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд Төв банк, Засгийн газар хамтран бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих, Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгаас уг хөтөлбөрт хамрагдах тохиолдолд урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар хариулт өгсөн.

Монгол Улсын татварын ачааллыг олон улсын дундажтай харьцуулсан байдлын талаарх гишүүдийн асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгөхдөө “Монголбанк энэ чиглэлд нарийвчилсан судалгаа, мэдээлэл гаргах байгууллага биш ч гэлээ бусад судалгаануудаас дүгнэж үзэхэд Монгол Улсын татварын ачаалал “өндөр бус” гэдэг ангилалд багтдаг” гэлээ.

Далд эдийн засгийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хариулт өгөв. Монгол Улсын татварын түвшин дэлхийн жишигтэй харьцуулахад дундаж, дунджаас доогуур байдгийг далд эдийн засгийн үүсэх шалтгаан нь орлогын бүртгэлийн тогтолцоогүйгээс үүдэлтэй гэв. Улс орнуудын хэрэглэж буй арга нь ажилтанд олгож буй цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэлийн тал хувийг ажилтны нэр дээрх хуримтлал болгож явдаг учраас ажил эрхэлж, орлого олж байгаа хүн орлого бүрээсээ өөрт оногдох хувийг хуримтлал болгон авах зорилгоор орлого бүрээ бүртгүүлдэг байна.

 

Түүнчлэн ажил эрхлэлтийг нэг бүрчлэн бүртгэж, түүнээс иргэн нэг бүрийн олж буй орлогыг бүртгэдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагын талаар мэдээлэл өгөв. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаар тодруулсан Т.Доржханд гишүүний асуултад “Цаашид бодлогын хүү өсөхгүй, орон зай үүсэх бүрд аль болох бууруулах чиглэлд анхаарна” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцсэн юм.