Явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийг ирэх сард дуусгана

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн мэдээлэл өглөө.

Тэрбээр:

-Хүн төвтэй гудамжийг бий болгох ажил 2022 оноос эхэлсэн. Энэ жилийн хувьд бид сургууль орчмын байршилд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зам нь дан шороогоороо, ус их тогтдог, зарим хэсэгтээ 50 см орчим өргөнтэй тул хоёр хүн зэрэгцэн явах боломжгүй байсан. Одоо бол хамгийн нарийн хэсэгтээ 1.5 метр өргөн болсон байна. Түүнчлэн замын гэрэлтүүлгийн шонгууд нь голлосон байсныг сургуулийнх нь хашаа руу зөөж чөлөөлсөн. Ер нь явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн эдгээр ажлыг долоодугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн засвар, өргөтгөл хийхдээ хотын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа юм хэмээв.