“Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг аравдугаар сард тодруулна

“Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг аравдугаар сард тодруулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ”Манай хороо - Миний гудамж 2023" оны аяны талаар танилцуулсан юм.

Тодруулбал, нийслэлийн иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, санал санаачилгаараа орчноо тохижуулан хотын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй иргэдийн тоог нэмэгдүүлэх, ухамсарт, бүтээлч, соёлч хандлагыг сурталчлахаар тус аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 5-наас аяныг олон нийтэд сурталчлах, түгээх ажлууд эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тэмдэглэв. Аяны хүрээнд шилдэг дүүрэг, шилдэг хороо /орон сууц/, шилдэг хороо /гэр хороолол/, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг СӨХ, шилдэг орон сууцны контор (төсөвт ба хувийн ОСК), хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх /гэр хороолол/, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага, ногоон байгууламжийн шилдэг аж ахуй нэгж байгууллагыг ирэх аравдугаар сарын эхээр шалгаруулна.

Авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэнэ

Зөвлөгөөний үеэр Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж, холбогдох үүрэг чиглэл, даалгаврыг өгөв. Тухайлбал, аялал жуулчлалын улирал үргэлжилж буйтай холбогдуулан жуулчид, гаднын зочид, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан юм. Мөн урин дулааны улиралд хоол хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах, стандартын шаардлагыг хангуулахад анхаарахыг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа явган болон дугуйн замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийг онцолсон. Баярын болон амралтын өдрүүдэд гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.