С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүнс, арьс шир, ноос ноолуур, газрын тос, нунтаг төмөрлөгийн салбарын үйл ажиллагаатай танилцжээ
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, 10 асуудлын хүрээнд хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын тус бүр хоёр төсөл, хяналт шалгалтын нэг тайлан, Байнгын хорооны тогтоолын хоёр төсөл, яам, агентлагийн гурван мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд анхны хэлэлцүүлгийн дөрвөн санал дүгнэлт бэлтгэж, хэлэлцэн буй асуудлуудаар 10 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Мөн Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах хэлэлцүүлгийг энэ оны тавдугаар сард Төрийн ордонд хийжээ.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилт, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингээс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” асуултын хариуг хэлэлцсэн байна. Түүнчлэн Байнгын хорооны дарга, гишүүд Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, нунтаг төмөрлөгийн болон ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай энэ оны нэгдүгээр сард танилцаж, “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссоны зэрэгцээ, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” зөвлөлдөх уулзалтад оролцжээ.
Байнгын хорооны дарга, гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хүнд, хөнгөн үйлдвэрийн хуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар чиглэл өгч, мөн Засгийн газраас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа хүргүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нар үндэсний үйлдвэрлэгч “Сүү” хувьцаат компани, “Эйл Би Эйч Технологи” ХХК, “Есөн-Од” ХХК, “Гофро” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК, “Хүн-Од” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай энэ оны хоёрдугаар сард танилцаж, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдээс тавьсан саналуудыг судлан, зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт чиглэл өгчээ.
Мөн Байнгын хорооны дарга, гишүүд дөрөвдүгээр сард арьс ширний үйлдвэрлэгч “Булигаар” ХК, “Бест шүес” ХХК-ийн, тавдугаар сард оёдлын “Бүтээлч үйлс” ХХК, “Урбан Бизнес Групп” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр салбарын үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцсон байна.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Дорноговь аймгийн сумдад ажиллан, Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж болон хэрэгжүүлж байгаа бусад арга хэмжээ, бодлого, шийдвэрийн талаар иргэдэд танилцуулжээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бусад шийдвэрийн төслүүд болон холбогдох мэдээ, мэдээллийг Улсын Их Хурлын цахим хэлэлцүүлгийн хуудас https://forum.parliament.mn/ болон иргэд, олон нийтээс санал авах https://d.parliament.mn/ системд байршуулжээ.