Х.Бямбажав: Уламжлалаа бид сэргээн, Даншиг наадмыг зохион байгуулж байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав:

-Эрт дээр үеэс лам хувраг, сүсэгтэн олныг хамарсан хүрээ цам, хүрээ даншиг наадам, хүрээ майдар гэсэн гурван үйлийг уламжлал болгон зохиож ирсэн. Эл үйлд хүрээ болон бусад олон газраас сүсэгтэн олон, үзэгч сонирхогчид чуулдаг байсан түүхтэй. Энэ уламжлалаа бид сэргээн, даншиг наадмыг зохион байгуулж буй. Ерөөс цам харайх ёслол нь хүний дотоод сэтгэлийн бясалгалтай холбогдсон Очирт хөлгөний нарийн бүжиг юм. Бүжгийг дэглэхдээ эхлээд Ямандаг бурхны авшиг авч, түүний дараа Дамдин Чойжоо бурхны жанан авсны дараагаар арваад хоногийн бясалгалд суун, Жагар цамын гурван өдрийн их хуралд суусны эцэст бүжиг биеллээ олдог. Түүнчлэн бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан, цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, уран яруугаар үзүүлдэг.  Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болдог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчой айлдвар, Очирвааний тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулна гэсэн юм.