Бичил 16 цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 17 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд бэлтгэл ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 74 сургууль, 110 цэцэрлэгт орчны стандарт хангуулаад байгаа юм. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Хүүхдийн тоглоомын талбайн 132 байршилд хяналт шалгалт хийснээс 98 талбайд стандартын шаардлага хангуулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн зөрчилтэй 17 самбарыг албадан буулгалаа.

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах болон бусад тохижилтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Мөн Улаанбаатар хот руу тарвага нэвтрүүлэхийг завдсан 41 удаагийн үйлдлийг таслан зогсоож, 123 тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө.

Гэр хороололд мод тарина

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:

-Есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг өгнө. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний засвар 92, хэсэгчилсэн дулаан хангамжийн засварын ажил 96 хувьтай байгаа. Аравдугаар сарын 1-н гэхэд засварын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цэвэрлэгээ, үйлчилгээ болон газар шорооны чиглэлээр эхний ээлжид 80 гаруй машин тоног төхөөрөмж авахаар байгаа. Мөн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагаас судалгаа авсан.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд мод үржүүлгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 15 аж ахуйн нэгжид хариуцуулан гэрээлж ажиллаж байгаа. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд өөрсдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй. Энэ онд хүлэмж барих ажлыг эхлүүлээд байна. Намрын мод тарилт есдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд гэр хороололд мод тарихад анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл хийгээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үер усны эрсдэл ирэх жилүүдэд бий болох магадлалтай тул бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэйг онцолж байв.