Б.Энхбаяр: Анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийлээ
Б.Энхбаяр: Анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийлээ
Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан ирүүлснийг Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах хүрээнд хэлэлцлээ.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн санд нийт 134 хуулийн 540 заалтыг давхардсан тоогоор 895 байгууллага, Улсын Их Хурлын 158 тогтоолын 861 заалтыг давхардсан тоогоор 1992 байгууллага, Улсын Их Хурлын Байнгын хорооны 100 тогтоолын 587 заалтыг давхардсан тоогоор 1660 байгууллага хэрэгжүүлэн ажилласан байна.
2025 оны жилийн эцсийн байдлаар тус Байнгын хорооны 44 шийдвэрийн 326 заалтыг яам, агентлаг, аймаг, нийслэлд 74.7 хувьтай хэрэгжүүлж ажилласан байна. Нийт 165 заалт хэрэгжсэн, 130 заалт хэрэгжих шатанд байгаагаас удаашралтай эрчимжүүлэх шаардлагатай 33 заалт байгаа бөгөөд мөн хэрэгжээгүй 30 заалтаас 29 нь удирдлага зохион байгуулалтаас, нэг нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан байна. Түүнчлэн хугацаатай өгсөн, оны төгсгөлд гарсан буюу хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй 7 заалт байна гэж байлаа.
Тайланд хэрэгжээгүй шийдвэрүүд нь төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан гэж дүгнэгдсэн байгааг Б.Энхбаяр сайд онцолж байлаа.
Мөн Улсын Их Хурлын түвшинд анхаарах асуудлуудыг танилцуулав. Тухайлбал, -Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, байгууллагуудад үүрэг даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тайлагнах, үйл ажиллагааг гүйцэтгэлийн байгууллагуудын түвшинд уялдуулах нэгдсэн байдлаар тайлагнах боломжийг бүрдүүлэх,
-Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сантай уялдуулах, улмаар тухай бүр гарч буй шийдвэрийг шуурхай дамжуулах, хяналтад авах,
-Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдийн түвшинд шийдвэрийн хэрэгжилтийн явцыг цахим систем ашиглан улирал тутамд танилцах боломжтой болгох,
-Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил болон тухайн жилдээ бүрэн хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас хасуулах шийдвэр, заалтын талаар Засгийн газартай тогтмол хамтарч ажиллах,
-Хууль тогтоомж Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хороодын шийдвэр, Засгийн газрын бодлогын баримт бичигт заасан зарим заалт, агуулгын хувьд давхцах, хуулиар ноогдуулсан чиг үүргийг дахин тогтоол хэлбэрээр албажуулах зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн байлаа.
Тус Байнгын хороонд хамаарах шийдвэрүүдийн биелэлтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийсэн бөгөөд нийт 326 заалтын 0.6 хувь нь хуулиар ноогдуулсан чиг үүргийг дахин үүрэгжүүлсэн заалт, 35.9 хувь нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан заалт, 6.7 хувь нь бодлогын баримт бичигтэй агуулгын огтлолцол бүхий заалт тус тус эзэлж байгааг Б.Энхбаяр сайд танилцуулсан.
Тайлан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын П.Сайнзориг. Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайланг үр дүнтэй хэлэлцүүлэхэд анхаарах шаардлагатай талаар санал хэлэв.