Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллээр үргэлжлэв. Энэ талаар тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан (дэлгэрэнгүйг эндээс) танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны долдугаар сараас өмнөх хугацаанд зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд ашиглагдах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн таамаглалыг боловсруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, төсвийн тодотгол болон хөгжлийн төлөвлөгөөний төсөлд дүгнэлт гаргах, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, мөн Төсвийн байнгын хорооны чиглэлийн дагуу бодлогын баримт бичгүүдийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Харин 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр эрх зүйн орчинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд чиг үүрэг, оролцооны хүрээ өргөжиж, төсвийн төслийн боловсруулалтын шатанд төсвийн ерөнхийлөн захирагчдын ирүүлсэн зардлын санал хуульд заасан хязгаарт нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, төсвийн боловсруулалтад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж ажилласан болон түүний үр дүнг төсөвт тусгасан эсэхэд хяналт тавих, уг асуудлаар гаргасан дүгнэлт, саналыг төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө Төсвийн байнгын хороо болон Сангийн яаманд хүргүүлэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж эхэлснийг онцолсон.

Мөн тус зөвлөл төсвийн бодлогын боловсруулалт, хэлэлцүүлэг, хэрэгжилтийн бүх үе шатанд оролцдог, Улсын Их Хурлын хараат бус, мэргэжлийн институцийн хувьд бэхжиж буйг Ж.Дэлгэрсайхан дарга танилцуулгадаа тодотголоо.  

2025 онд зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал, дүгнэлт боловсруулахаас гадна Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төсвийн эрх зүйн орчны өөрчлөлттөд өөрсдийн саналыг өгөх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байр сууриа илэрхийлэх, холбогдох талуудад хүргүүлэх зэргээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Зөвлөлөөс 2025 онд макро эдийн засгийн таамаглал боловсруулах, төсөв болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, 2026-2028 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд уг таамаглалд гадаад, дотоод орчны шинжилгээ, эрсдэлийн үнэлгээг тусган боловсруулсан. Шинжилгээгээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад зах зээлийн тодорхойгүй байдал нь экспорт, төлбөрийн тэнцэлд эрсдэл дагуулж байгааг онцолсон бөгөөд дотоодын хувьд эдийн засгийн өсөлт өндөр байсан ч уул уурхайн орлогоос хэт хамаарал, төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолсон гэв.

Хөгжлийн төлөвлөгөө болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтээр бодлогын зорилтуудын уялдаа, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой байдал, төсөл, арга хэмжээний эрэмбэлэлтийг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн макро эдийн засгийн таамаглал болон орлогын төлөвлөлтөд хэт өөдрөг хандлага ажиглагдаж байгааг анхааруулж, тэнцвэржүүлсэн үнэ тооцох аргачлалыг боловсронгуй болгох шаардлагатайг дурдсан гэсэн байлаа.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр төсвийн орлого, зарлага өндөр түвшинд хүрсэн боловч төсвийн бодлого мөчлөг сөрсөн зарчмыг баримтлаагүй, төсвийн тэлэлт нэмэгдсэн, төрийн оролцоог бууруулах шаардлага хэвээр байнаМөн төсвийн бодлогын үр нөлөөг үнэлэх тогтолцоо сул, хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байна. Төсвийн тодотгол болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах төслүүдэд өгсөн дүгнэлтээр орлогын төлөвлөлт бодит нөхцөлөөс зөрөх, түүхий эдийн үнийн таамаглал хэт өөдрөг байх нь төсвийн алдагдал, өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж ажилласан гэдгийг зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээр төсвийн бодлого нь тэлэлтийг хязгаарлах, төрийн оролцоог бууруулах чиглэл баримталж байгаа нь зөв боловч урсгал зардлын өсөлт өндөр хэвээр, төсвийн болон хөгжлийн бодлогын уялдаа хангалтгүй, төсвийн бодлогын орон зай хумигдсаар байгаагаас макро эдийн засгийн эрсдэл өндөр болж байгааг онцолсон гэлээ.

Тайлант хугацаанд нийт 16 асуудлын хүрээнд дүгнэлт, зөвлөмж боловсруулсан бөгөөд үүнд 94 дүгнэлт, 26 зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлснийг дурдаад цаашид улсын төсвийг төлөвлөх, хэлэлцүүлэх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шатуудад тодорхой ахиц гаргах, төсвийн сахилга бат, төлөвлөлтийн бодитой байдал, бодлогын уялдааг сайжруулах шаардлагатай гэсэн байлаа.

Мөн төсвийн тогтвортой байдлыг хангуулах хуулийн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал, холбогдох талуудыг бодитой дүгнэлт, судалгаа шинжилгээ, мэдээллээр хангах ажлыг чанаржуулах зорилгоор өөрийн судалгаа, шинжилгээний чадавхийг хүний нөөц, макро эдийн засгийн судалгаа шинжилгээ, загварын чиглэлд олон улсын болон дотоодын хамтын ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна гэсэн юм.