Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй
С.Магнайсүрэн: Хүний нөөцийн дээд хязгаарыг баталсан
Монгол Улсын Ерөнхий адуитор С.Магнайсүрэн Үндэсний аудитын газрын 2025 үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, тус Байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын дагуу төрийн аудитын байгууллага 2025 онд хуулийн дагуу 18, бодлогоор 19, нийт 37 аудитыг гүйцэтгэж, Монгол Улсын Их Хурал болон холбогдох Байнгын хороодод тус тус хүргүүлсэн гэж байв.
Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд 6974 шалгагдагч байгууллагыг хамруулан санхүүгийн тайлангийн 3677, гүйцэтгэлийн 94, нийцлийн 183, нийт 3954 аудитыг хийж гүйцэтгэснийг дурдаад аудитын дүнд 57.4 тэрбум төгрөгийн 3014 төлбөрийн акт тогтоож, 14.4 их наяд төгрөгийн 7424 албан шаардлага, 5.4 их наяд төгрөгийн 11998 зөвлөмж, 437.9 тэрбум төгрөгийн 296 сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгч, 55.8 тэрбум төгрөгийн 51 асуудлыг хууль хяналтын байгууллагад тус тус шилжүүлсэн гэсэн байлаа.
Аудитын үр дүнд 2025 онд улс, орон нутгийн төсөвт 62.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бол нийт 1,521.1 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аудитад хамрагдсан байгууллагууд хүлээн зөвшөөрсөн нь улсын төсвөөс зарцуулсан нэг төгрөг тутамд 32.1 төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг бий болгож, аудитын дүнд төрийн санхүү, төсвийн сахилга бат, засаглалын чанарт бодит нөлөө үзүүлэхүйц асуудлуудыг хөндөж, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын үр нөлөөг дээшлүүлэхэд анхааран ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор тайландаа онцолсон.
Мөн өнгөрсөн онд дээрх үйл ажиллагааг хүний нөөцийн болон төсөв, санхүүгийн хязгаарлагдмал нөхцөлд хийж гүйцэтгэснийг тодотгоод тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийг 5.9 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан нь 47 албан хаагчийн цалин хөлс болон аудитад оролцох шинжээч, дотоод албан томилолт, тээвэр шатахуун зэрэг аудитын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах зардлууд хасагдаж үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байсныг онцлон тэмдэглэв.
Тэрбээр аудитын үр дүн, шийдвэрийн хэрэгжилт, нийгэмд бий болгох аудитын нөлөөллийг үнэлэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор 2026 оныг “Аудитын нөлөөллийг тооцох, үнэлэх тогтолцоог төлөвшүүлэх” жил болгож, үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна гэлээ.
Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Н.Алтанхуяг, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат, Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Үндэсний аудитын газраас хийж гүйцэтгэсэн аудитын шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлдэг болоход хариуцлагын механизмыг хэрхэн сайжруулах, төрийн аудитын байгууллагад мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсанд өөрчлөлт хийж, хүний нөөцийг чадавхжуулсан эсэхийг илүүтэй лавлаж байв.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хариултдаа, “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн аудитын тухай хуулиар аудитын шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн орчин бол байгаа. Бид аудитын шийдвэрийг зайлшгүй хэрэгжүүлдэг болох чиглэл рүү бүх зохион байгуулалтаа хандуулж, хариуцлагын механизмыг өнөөдрийн хууль эрх зүйн орчинд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Энэ хүрээнд аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газрыг тусгайлан зохион байгуулж, өмнөх онуудад хэрэгжээгүй байсан бүх шийдвэрүүдийг гаргасан дата өгөгдөлтэй болж чадсан. Уг датад үндэслээд аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх түвшинд төсвийн ерөнхийлөн болоод төвлөрүүлэн шууд захирагч нартай хамтарч ажиллаж байна” гэж байлаа. Мөн эрх зүйн орчинд хийх багахан хэмжээний өөрчлөлт болон адуитын шийдвэрийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлаа Байнгын хороогоор 2027 оны бодлогоор хийх аудитын сэдвийг хэлэлцүүлэх үеэрээ танилцуулна гэв.
Үндэсний адитын газарт 595 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах хүний нөөцийн дээд хязгаарыг баталж өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 541 албан хаагч ажиллаж буйг С.Магнайсүрэн дарга хариултдаа тодотгов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдон ажилласнаас хойш төрийн аудитын байгууллагад хүний нөөцийг 66х33 гэсэн хатуу харьцааг баримталж, үүний үр дүнд нийт албан хаагчдын 82.2 хувь нь мэргэжлийн аудитор, 12.8 хувь нь бусад дэмжих албанд ажиллаж байна гэсэн тайлбарыг өгч байлаа.