Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлт нэмэгдсэн нь дунд хугацаанд тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй
Татварын тайлагнал, баталгаажуулалт, төлөлтийн хугацааг бодит байдалд нийцүүлэх шаардлагатай
Улсын Их Хурлын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцлаа.
Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд уг ажлын хэсгийг ахалсан бөгөөд дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Р.Батболд, Ж.Баясгалан, Э.Болормаа, П.Ганзориг, Б.Заяабал, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, С.Цэнгүүн, Ө.Шижир, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажилласан байна.
Ажлын хэсэг татварын бодлого, тогтолцоо буюу "Шударга байх", "Тодорхой байх", "Үр ашигтай байх", "Зайлшгүй байх зарчмын хүрээнд татварын эрх зүйн орчныг судалж, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, олон нийтээс татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан санал, хүсэлтийг авч холбогдох хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсныг санал, дүгнэлтдээ онцолж байлаа.
Мөн ажлын хэсэг татварын хууль тогтоомж, хэрэгжилтэд гарч буй асуудлыг онол, практикийн түвшинд нарийвчлан судалж, холбогдох харьцуулсан судалгаа, лавлагаа, тооцоолол, мэдээлэл, олон улсын байгууллагын зөвлөмжтэй танилцаж татварын бодлого, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварын тухайд анхаарах асуудлын талаар товч танилцуулсан.
Түүнчлэн дээрх хуулиудын талаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн саналуудыг багцлан дүгнэвэл, татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход олон улсын гэрээ конвенц, татварын болон салбарын хуулиудын уялдааг хангаж, хуулийн зарим нэр томьёог ойлгомжтой хоёрдмол утгагүй болгох, аливаа татварыг тэгш, шударга, нийтээрээ төлөх зарчмыг тодорхойлох, мөн татварын маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд төр, хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх, үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, татварын зөвлөн туслах үйлчилгээг хүртээмжтэй болгож татварын тайлагнал, баталгаажуулалт, төлөлтийн хугацааг бодит байдалд нийцүүлэх зэрэг асуудлыг хөндсөн байсныг дурдлаа.
Ажлын хэсэг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйгээр төдийлөн зохицуулаагүй зарим харилцааг олон улсад татварын бодлогоор хэрхэн дэмжиж буй талаар судалгаа хийлгэж үзэхэд дараах асуудлуудыг татварын шинэчлэлийн хүрээнд нарийвчлан судалж, цаашид анхаарах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
-Олон хүүхэдтэй өрхийн санхүүгийн ачааллыг бууруулж, нийгмийн тэгш байдал болон гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, улс орнуудад олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлогыг хувь хүний орлогын албан татварын тогтолцоонд суурилан хэрэгжүүлж байна.
-Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын харилцааг Татварын ерөнхий хуульд нэрлэн тодорхойлсон хэдий ч нарийвчлан зохицуулаагүй байна. Энэ төрлийн татварын асуудлыг хуульчилснаар баялгийн төвлөрөл, тэгш бус байдлыг бууруулахад тодорхой нөлөөтэй талаар олон улсын байгууллагаас зөвлөсөн байна.
-Өрхийн орлого, хүүхдийн тоо, орон сууц, асаргаа, амьжиргааны зардлыг харгалзан татварын ачааллыг бууруулах зорилгоор Монгол Улсын өрхөд чиглэсэн татварын бодлогыг тодорхойлох.
-Хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой татварын бодлогыг тодорхойлох. Энэ төрлийн татварын үндсэн зорилго нь хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулж байгаа иргэн, хуулийн этгээд илүү их татвар төлөх зарчмын хүрээнд зохицуулагдах бөгөөд байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах асуудалд анхаарах шаардлагатайг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.