С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Aвлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтой
Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Раднаасэд нар санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “Ажлын хэсэгт хуулийн төслүүдэд ажиллахад хугацаа шаардлагатай байгаа тул хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна” гэв. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.
Иймд хуралдаан Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн талаарх хэлэлцүүлгээр эхэлсэн юм.
Хэлэлцэж буй асуудлын талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас ДАН системээр баталгаажсан нийтийн өргөдөл гомдлын цахим системийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээлтийг нь хийж, ДАН системээр баталгаажсан 389 иргэн, 453 нийтийн өргөдөл, санаачилгаас шаардлага хангасан 48 иргэний нийтийн өргөдөл цахим системд нийтлэгдэн, иргэдийн саналыг авч байна. Нийт 405 өргөдлийн давхардал, болон агуулгаар нь авч үзвэл 50.6 хувь буюу 205 нь Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналууд байсан. Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас УИХ-ын даргад хандан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлснийг үндэслэн энэ саналуудыг нэгтгэж, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна сэдэвт нийтийн өргөдлийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын албан ёсны программ хангамж D-платформын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системээр дамжуулан гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн байдлаар 6 хоногийн хугацаанд 101817 иргэн уг асуудлыг дэмжин саналаа ирүүлсэн тул Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагааны үр дүнг Төсвийн байнгын хороонд хүргүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт олон улсын туршлагыг үндэслэн далд эдийн засгийг бууруулах, татварын албаны албанд мэдээллийг хуваалцах зорилгоор цахим хэтэвч болон төлбөр тооцооны хэрэгслийг шинээр амжилттай нэвтрүүлж, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, и-баримтын олголтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн оролцоог хангах, и-баримтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, урамшууллын хувийг 50 болгон нэмэгдүүлж, сугалаа тохирлын урамшууллыг цуцалж, дижитал хэтэвч, дуу, дүрст чат зэрэг технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх замаар хүрэх үр дүн нь Татварын ерөнхий газраас хийсэн танилцуулгад үндэслэсэн гэж байлаа.
Түүнчлэн дээрх тооцоо судалгаа, баримтууд болон Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан далд эдийн засаг, и-баримтын олголтын холбогдох судалгаануудыг гаргуулан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үүнд үүрлэсэн булхай луйвар, авлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулгадаа онцолсон юм.