С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
О.Цогтгэрэл: Авлигачид одоог хүртэл олдоогүй, хэн ч хариуцлага хүлээхгүй байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр, өнгөрсөн долоон жилд бид өдөр бүр авлигачдыг дарах тухай, авлигыг багасгах тухай дасал болтлоо сонсож ирлээ. Авлигаас ангижрахгүйгээр юуг ч өөрчилж, юуг ч шинэчилж чадахгүй нь тодорхой. Авлигын дүн аль хэдийн арван гурван тэгтэй тоогоор илэрхийлэгддэг болсон ч одоог хүртэл авлигачид олдоогүй байна, хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Засгийн газар авлига үүсээд буй учир шалтгааныг олоогүй, аль эсвэл мэдэж байгаа ч арилгах хүсэлгүй байна. Жил бүр 30 гаруй хувиар төсөв тэлж, даргын гарын үсгээр шийдэгддэг мөнгө өсөж байхад авлига буурахгүй, авлигыг бууруулах арга нь зөвхөн ард иргэд, бизнесийнхэндээ орон зайг нь олгож, тэлсэн төсвөө цомхотгох явдал билээ. Авлигын төсөөллийн индекс буурч байна гэдэг нь улам авлигажиж байгааг илэрхийлдэг. Дүгнэж хэлбэл, Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд авлигад гүн шигдэж, Бразил, Тайландтай ойролцоо байсан бол одоо Африкийн Алжир, Анголын түвшинд хүртлээ дордлоо. Эрх баригчид, тэр тусмаа Засгийн газар авлига гаарах болсон шалтгаан, нөхцөлийг судалж, оношилж чадахгүй байна гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “таван Ш ажиллагаа” гэх уран зохиолын хэллэгтэй, сүржин нэртэй суртал ухуулгын ажлыг зарлаж, ганц нэг хүний гавтай зураг тавьснаас өөрөөр авлигыг бууруулах бодит ажил хийж чадсангүй. 2012 онд Ардчилсан намын Засгийн газрын үед санаачилсан 11-11 шуурхай утсыг сэргээн ажиллуулсныг “шүгэл” ажиллагаа гэж, интерполын зарын буланд эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн мэдээллийг оруулсныгаа “шувуу” ажиллагаа гэж нэрлэжээ. Шилжүүлэн авах ажиллагаа гэдэг нэрийн дор ганц нэг хүнийг гадаадаас авчирч байгаа зураг тавьснаас хэтэрсэнгүй. “Шүүр” ажиллагааны хүрээнд ковидын нэр барьж төрийн албаны шалгалтгүй ажилд авсан албан тушаалтнуудаа чөлөөлжээ. Харамсалтай нь үүнд нь цар тахлын хүнд үед ачаа үүрүүлэхээр авчран ажиллуулсан эрүүл мэндийн салбарын чадварлаг ажилтнууд хомрогдон халагдахад өртжээ. “Шилэн” ажиллагаа гэдгийн хүрээнд вэб сайтад зочилсон зэрэг статистик мэдээллээс өөр хэлэх зүйл олдохгүй байгаа нь илт байна. Иргэдэд хэдэн хүн вэб сайтаар зочилсон нь биш, нууцад хамруулсан нүүрсний, автобусны гэрээ, хөнгөлөлттэй зээлийн сангуудын мөнгийг хэнд, ямар нөхцөлөөр олгосон нь илүү сонин баймаар гээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй болгохын тулд авах арга хэмжээг танилцуулсан юм. Тухайлбал, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуульд авлигын хэргийг Үндэсний аюулгүй байдлын хэрэгтэй адилтган үзэж, хөөн хэлэлцэх хугацаагүй болгох асуудлыг тусгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг нэн яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барих, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хуулийг шинэчилж, бизнесийн байгууллагуудтай өрсөлддөг байдлыг эрхзүйн хүрээнд таслан зогсоох, Зөвшөөрлийн хуулийг өөрчилж төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулах, зайлшгүйгээс бусад шаардлагуудыг цуцлах ёстой гэсэн бол зохион байгуулалтын хүрээнд дараах ажлыг хийх шаардлагатай гэсэн байна. Түүний дараа мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь сөрөг хүчний гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ялын бодлогыг чангаруулах зэрэг арга хэмжээ авч буй ч авлигын хэрэг буурахгүй байна. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээл, “ногоон автобус” зэрэгтэй холбоотой луйвруудад шийтгэл ногдуулахгүй байна гэсэн бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төрийн өмчийн компаниудтай холбоотой авлигын асуудал буурахгүй байна. Сүүлийн үед төрийн өмчит компаниуд ажил, үйлчилгээг шууд гэрээ байгуулан гүйцэтгэснээр хуулиар халхавчлан авлигын хэрэг хийж байгааг хэрхэн залруулах вэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан, “Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар манай улсын авлигын индекс ямар байгаа талаар асуулаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, авлигын олон хэргийг илрүүлэн илчилж байна. Сайн цаг наашилж байна. Хоёр долоо хоногийн дараа нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулж, шударга бус үйлдлийг илчлэх болно. Харин сонсголыг явуулахгүй гэх санаархалд автахгүй байхыг хүсье. Төрийн өмчит компаниудаар дамжуулан төр зах зээлд хэт оролцоотой байхын эсрэг байдаг. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрийн өмчит компани дахин байгуулахгүй байх агуулга бүхий хуулийн төсөл дэмжигдсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байна гэж хариуллаа.