С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дорвитой шийдэлд хүрэхийг чиглэл болголоо
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар УИХ-ын есөн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас дараагийн дарга нарыг нэр дэвшүүлж, тодруулахад баримтлах зарчмыг хэлэлцэж тогтсон.
Хоёрдугаарт, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон холбогдох албаны хүмүүс оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Бүлгийн гишүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг Нийслэлийн удирдлагуудад чиглэл болгосон” гэв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг “Нийслэлийн удирдлага шинэ бүтцээрээ ажиллаад сар гаруй хугацаа болж байна. Бид Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц бодлогыг боловсруулахаар ажиллаж байна. Нэн түрүүнд дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Нэн түрүүнд гэр хорооллыг орон сууцжуулах шаардлагатай гэж үзлээ. Энэ хүрээнд бид хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хуулийг батлавал хоёр асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Нэгдүгээрт, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлснээр хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх юм. Эхний ээлжид 20 мянган айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хоёрдугаарт, тоосонцрын ихэнх нь буюу азотын давхар исэл, PM 10 нь авто машины утаанаас ялгарснаар агаарын бохирдлын багагүй хувийг эзэлж байна. Үүнд, насжилт ихтэй автомашин шүүлтүүр бага, евро стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой. Тиймээс явах хурдыг нэмснээр автомашинаас гарч буй агаарын бохирдлыг 17 хувиар бууруулна гэсэн тооцоо, дүгнэлтийг гаргасан. Иймд нийтийн тээврийг сайжруулах, автозамын хурдыг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох талаар хуулийн төсөлд тусгасан” гэв.