С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Сарангэрэл: Эмэгтэй улстөрчдийг илүү гоочилдог
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлэгт “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл товч танилцуулга хийлээ. Тэрбээр, Монгол Улс Азийн бүсэд эмэгтэйчүүддээ улс төрийн эрх олгосон анхны орон гэдгийг тэмдэглэсэн.
Монгол Улсын парламент 1992 онд анх удаа 4 эмэгтэй гишүүнтэй болсон түүхтэйг дурсаад, хэдийгээр УИХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг цуцалсан ч 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь том амжилт хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Улсын Бага хуралд 50 гишүүн сонгогдсоноос 2 нь эмэгтэй байсан. 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуульд 577 эмэгтэй нэр дэвшснээс 65 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тоо бий. Нийт хүн амын олонхыг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд нийт сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг, улс төрийн өндөр идэвхтэй. Бүх салбар тэнцвэртэй, тогтвортой хөгжихөд саад болж буй зүйл нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зүйл, заалтыг авч хэлэлцэхгүй байна. 1992 оноос хойш УИХ-ын даргаар 12 хүн ажилласнаас УИХ-ын даргаар нэг ч эмэгтэй сонгогдоогүй. Харин дэд даргаар 2 эмэгтэй ажилласан. Манай парламентын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан гэж эмэгтэй томилогдон амжилттай ажилласан. Тэр хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон. Цаашид ч Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүнийг томилох асуудалд анхаарал хандуулна. Нийт залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр хэдий ч жендэрийн мэдлэг, ойлголт муу. Эрэгтэй улс төрчдийн жендэрт хандах хандлага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хандлага ч тийм. Ялангуяа эмэгтэй улстөрчдийг илүү гоочилдог. Жишээлбэл, өөртөө тохиолдсон кэйсийг дурдаж болох юм. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл зэрэг байгууллагын оролцоо ч тааруу байгаа. Учир нь томилгоогоор барьцаалагдсан учраас хөдөлж чаддаггүй хэмээн шүүмжилсэн.
Тэрбээр, Үндсэн хуульд Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийснээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан бөгөөд үүнээс 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгохоор хуульчилсан. Жагсаалтыг 1:1 байхаар сонгуулийн хууль тусгасан нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, дэвшил гэж үзэж байгаа хэмээн танилцуулсан.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, ОУПХ, Жендэрийн хөтөлбөр, Жендэрийн үндэсний зөвлөх, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий оролцогчдоос “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд асуулт асууж, жендэрийн үнэлгээг явуулав.