"Шинэ гишүүдийг өлгийдөж аваад сургалт явуулдаг бол лобби хийдэг асуудал алга болно"

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөл жендэрийн асуудлаар хуулиар хүлээсэн үүрэгтэй.  Мэдээлэл, статистик ҮСХ-ны сайтад гарсан байдаг учраас өнөөдөр дурдагдсан илтгэлийн дагуу ашиглаад яваарай гэж зөвлөе. Жендэрийн үндэсний тайланг олон байгууллагын төлөөллийг оролцуулан бэлтгэдэг нь үр дүн авчирч байна. Төрийн албаны зөвлөл бичмэл тайландаа ч хүний эрх, жендэрийн квот биеллээ олоогүйг бичдэг. Биеллээ олох нь бага байна. Парламентын цаадах төрийн албаны зөвлөл, Тамгын газар шинэ гишүүдийг өлгийдөж аваад сургалт явуулдаг бол лобби хийдэг асуудал алга болох байх. Намын бүлгүүд өөрсдөө жендэрийн мэдрэмжтэй байж, анхааралдаа авах, жендэрийн мэдрэмжтэй парламент болохын тулд хуралдааны дэгд үг хэлэх гишүүдийн хүйс, дараалал ямар байх зэрэг оролцоог тооцдог байх. Парламентад эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх чухал. Үүнд сонгогчийн боловсрол, намуудын, улстөрч эмэгтэйчүүдийн манлайлал нөлөөтэй байдаг. Жендэрийн квот УИХ, Засгийн газар, ИТХ зэрэг удирдах түвшинд биелэгдэхгүй байна гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах зөвлөх Ц.Норовдондог, хийсэн судалгаануудын дүнд үндэслэн мэдээлэхэд парламентад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ төрийн албанд туршлагажсан, мэргэшсэн албан хаагчдаас түлхүү оруулбал үр дүнтэй. Төрийн албан хаагчын эрхийг хязгаарласан заалт нь сонгуулийн хууль тогтоомж дахь зохицуулалт байдаг. Нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн заалт нь хүний эрх зөрчиж байгаа талаар Өлзийсайхан нар Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргаж байсан удаатай. Энэ заалт байгаа цагт өнөөдрийн асуудал байсаар байна гэж судлаачийн хувьд үздэг гэсэн юм. Ийнхүү хэлэлцүүлэг үнэлгээний асуултын хүрээнд үргэлжилж, жендэрийн хэвшмэл ойлголтыг багасгахад улс төрийн намуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэлээр хүйсийн квотыг нэмэгдүүлсэн дэвшилттэй заалтууд тусгасан нь сайшаалтай ч төрийн захиргааны төв байгуулагуудын удирдлага, гишүүдийн томилгоонд квотоо баримталдаг байх, сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах шаардлагатай гэсэн саналыг оролцогчдоос гаргасан юм.