"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор явган хүний замыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Зөвшилцлийн хүрээнд эхлүүлсэн уг ажилд долоон аж ахуйн нэгж өртөж буй бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай” гэлээ.