С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг танилцууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийг олон нийтэд танилцуулах анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.05.14) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль анх 2002 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2002 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд нийт 2 бүртгэгдэж, шийдвэрлэгдэж байсан бол энэ тоо 2023 онд 238 болж өсжээ. (2014 онд 62, 2015 онд 79, 2016 онд 98, 2017 онд 222, 2018 онд 200, 2019 онд 258, 2020 онд 204, 2021 онд 187, 2022 онд 230 болж жил ирэх тутам өссөөр байна)
Мөн 2006-2010 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байсан бол 2011 оноос химийн аргаар боловсруулсан буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт синтетик бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулаагүй хэдий ч санаатайгаар урвуулан ашиглаж мансуурах боломжтой эмийн хэрэглээ жил бүр өссөн байдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ манай улсад өсөн нэмэгдэж байгаа нь хүний эрүүл мэнд болон улс орны үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг, соёлын үндэс, тогтвортой байдалд ноцтой аюул занал учруулж, үр дагавар нь тооцоолохын аргагүй нөхцөл байдалд хүргэж болзошгүйг ч анхаарах шаардлагатай байна.
Одоо мөрдөж байгаа хуулийн зохицуулалт цаг үеэсээ хоцорсны дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбогдсон бүх үйлдэл, эс үйлдэхүйг хамарч хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй байгаа нь улам бүр тодорхой болж байна.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2010 онд гаргасан тайланд Монгол Улсыг хар тамхи “дамжин өнгөрүүлэгч улс” гэж дүгнэж байсан бол 2014 оны тайланд “хэрэглэгч улс” болсон тухай дурджээ.
Иймд хууль зүйн үндэслэл, дээр дурдсан практик шаардлагыг харгалзан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуулийн төслийг боловсруулсан.