С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
#4 НИЙГМИЙН ДУУДЛАГА!
Иргэн Э.Бат-Үүл “Би хотын дарга байхдаа, намайг огцруулах шаардлага тавьсан МАН-ын цуглаан, жагсаалыг нийслэлчүүд болон гадаадынханд харуулан ардчиллаа гайхуулдаг байв” гэж ярьдаг байлаа. Одоо ч заримдаа ярьж байгаа харагддаг л юм. Ардчилсан хувьсгалыг түүчээлсэн анхны 13-ын нэг, түүнийгээ үнэлүүлж Улсын баатар цолонд хүрсэн анхны улстөрч гэдгээрээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хотын даргын хувиар хүндэтгэлтэй ханддаг байсан л байх. Гэхдээ Монголын ардчиллын төв индэр болсон, өдгөө ч нүүр талхалж буй жанжин Д.Сүхбаатарын талбайн тал шахуу газрыг хувийн хэвшилд, тэр дундаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэгт яагаад олгосон тухай, тэр нь хэрхэн 10 сая ам.доллароор банкны барьцаанд тавиад туучихсаныг лав л огт мэдэхгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосон байдаг юм.
Угтаа бол гэр хороолол, тэдгээрт хамаарах газрын эзэмшлийн талаар хэн хамгийн их дуугарч, тэмцэж ирэв, тэр бүгдэд Э.Бат-Үүл бараг ганцаараа зогсдог байлаа шүү дээ. Газрын алба хариуцсан нэгэн ганц үүрэг өгөхөд л хэний үед хэрхэн олгосныг он, сар, өдөр, захирамжтай нь гаргаж ирэхэд дөрвөн жил гэдэг мэдээж багадахааргүй л хугацаа. Гэхдээ л тэр хүсээгүй. Магад эл газар олголтын ард томоохон улс төр, бизнес дамнасан ашиг сонирхлыг хөндөх байсныг үгүйсгэхгүй.
Ардчиллын алтан хараацай гэгддэг төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн дурсгалд зориулсан хөшөөг 1999 онд Төв шуудангийн чанх урд байрлуулснаас хойш тэндээ 25 жилийг үдэж байна. Эхэн болон дунд үедээ энэ хүрэл дүр Ардчилсан Намын үе үеийн дарга, гишүүдийн хамгийн хүндэтгэлтэй ханддаг, үзэл баримтлал, үнэт зүйлээ сануулдаг гол индэр байв. Гэдэг нь АН засагласан, Ардчилсан Ерөнхийлөгч гэх тодотголтой Цахиагийн Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн 2014 онд “Шинэ дэвшилтэд холбоо”-г үүсгэн байгуулагч Да.Ганболд тэргүүтэй гишүүд нь С.Зоригийн хөшөөнд хамаарах 3000 м.кв газрыг “Голомт”-ын Д.Баясгаланд 480 мянган ам.доллароор зарсан нь саяхан ил боллоо. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 2 гэсэн хоёрхон өдөр цэцэг өргөхөөс өөрөөр хөшөө тийш очих ардчилагчдын хөл хөдөлгөөн татарсан нь үүнтэй ч холбоотой байж мэдэх.
Уг нь “Ардчиллын анхны 13” хэмээгддэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Э.Бат-Үүл хотын даргын албатай явсан цаг үе. Хоёулаа С.Зориг агсны хамт жагсаж, тэмцэж, өлсөж байсан улстөрчид. Гэвч хашиж байгаа албан тушаалынхаа эрэмбээр намдаа ч, нийгэмдээ ч нөлөө бүхий орон зайтай байсан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар нэгэн цагийн хамтрагчийнх нь хөшөөг нүүлгэж, оронд нь оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай 52 давхар барилга бариулах тохироо бүхий Да.Ганболдын эл наймааны хажуугаар нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэгээд ч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршдог тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хамгаалалтад авсныг эдгээр улстөрчид мэдэхийн дээдээр мэдэх учиртай хүмүүс.
Хачирхалтай нь, Д.Сүхбаатарын талбайг, С.Зоригийн хөшөөтэй нь хамт “халаасласан” энэхүү эрх ашгийн нэгдлийн дараагийн нүүдэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчрах нэрийн дор хулгай байсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө мэдэгдэл хийж зарласан нь 2016 он. ОХУ-ын мэдэлд явсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирч бүтэн болгосон нь 1990 оноос хойших хамгийн том үйл явдлаар тодорсон ч төсвийн мөнгөнөөс, татвар төлөгчдийн халаасыг сэгсэрч байгаад авсан нь илэрч эцэстээ хууль, шүүхийн хаалга татсанаар 2024 онтой золгож байна.
“Эрдэнэт үйлдвэр бол хөгширсөн үнээ болсон” гэж УИХ-ын чуулганы индрээс, Ерөнхийлөгчийн сэнтийгээс нүдээ цавчихгүйгээр мэдэгдэж, бас мэлзэж явсан Ц.Элбэгдорж өнөөдөр хаачив?. “Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь үндэсний компани болж байна” хэмээн УИХ-ын сонгуулийн санал хураах өдөртэй зэрэгцэн мэдэгдэл хийж асан Ч.Сайханбилэг хаана байна? ОХУ-ын мэдэлд явсан 49 хувийг цаг алдалгүй худалдаж авснаар үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэж байсан ч 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулсан Д.Эрдэнэбилэг эх орондоо байна уу? Хэн нь ч байхгүй. Бүгдээрээ хил давсан. Өнөөг хүртэл эргэж ирэх нүүргүй, хилийн чинадад орогнохоос өөр гарцгүй болсон хүмүүс. Асуудал байгаа болоод л алсын Америкт бүгж буй улстөрчид.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг бус Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгийг төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж асан Да.Ганболд гэхэд “С.Зоригийн хөшөөтэй АН-ын байр бол түүх дурсгалтай эд биш, буулгана. Эзэн нь юмаа мэдье” хэмээн жишим ч үгүй гүлдийж суугаа нь бас нэгэн факт. Ийм зүйлийг өөгшүүлэх, эвлэрээд цааш явах нь ардчилал биш учраас л тэдэнд хуулийг сануулж, тэднээс хариуцлага нэхээд байгаа хэрэг, одоогийн Ерөнхий сайд!
Түүнээс Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржид, Д.Эрдэнэбилэгт дургүйдээ улс төрийн өшөө авах гээд байгаа юм биш ээ. Ерөөс ардчиллын нэрийн өмнөөс ашигтай, унацтай бүхэн рүү хуруугаа дүрж, хулгайлж, хумсалж ирснийг эс хүлээн зөвшөөрч, тэрийг нь таслан зогсоохын төлөө тууштай тэмцээд байгаа нь юм. Ардчиллыг түүчээлсэн болохоор ах нарын ашиг сонирхлыг огт хөндөж болохгүй, Ардчилсан Үндсэн хуулийн адил дархлаатай байна гэсэн ахархан бодол, тачирхан үнэт зүйлээс өнөөдөр л салахгүй бол маргааш Монголыг бүтнээр залгих хэмжээнд тулсныг энд тодотгох гээд байгаа юм.
Л.Оюун-Эрдэнэ л хэлж, сануулж хариуцлага нэхээд байгаа болохоос С.Зоригийн хөшөө бүхий газрыг 480 мянган ам.доллароор зарах хүртлээ үнэт зүйл, үзэл баримтлалдаа тууштай, бат зогсож байсан уу? гэдгийг Улсын баатар Э.Бат-Үүл журмын нөхөр Да.Ганболдоос асуух нь нэг талаар зүйн хэрэг, нөгөө талаар ардчилалд оруулах хувь нэмэр нь тэр юм.
С.Сүлд