Ж.Энхбаяр: Хонины махыг 8800, үхрийн мах 9400 төгрөгөөр бэлтгэнэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад 30 саяар хэтэрсэн байгааг дурдаад цаашдаа махны экпортыг нэмэгдүүлэхэд бүх талын арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мах төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж байж малчдын орлого сайжирна гэлээ. Мөн тэрбээр мал, махны экспортыг энэ жил 100 мянган тоннд хүргэхээр төлөвлөж бүх талаар дэмжин ажиллаж, ингэснээр орлого шууд нэмэгдэнэ гэж байв.

Мөн 2025 онд 5100-5500 тонн мах бэлтгэхээр 7 аж ахуйн нэгжийн нэрийг арилжааны банканд хүргүүлэн нийт 21 тэрбум төгрөгийн зээл шийдэгдээд байна. Энэ жилийн хувьд хонины мах 8800, үхрийн мах 9400 төгрөгөөр бэлтгэнэ. Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр нийслэлийн найман байршилд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд одоогоор 800 тонн махыг хоршоологчид нийлүүлэхээр зэхээд байна хэмээн ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгсөн.