Асуудал ганц Ц.Туваан сайдад байгаа юм биш!

Засгийн газар 16 яам, 22 сайдтай. Ерөнхий сайдыг оруулж тооцвол 23. Үүний МАН-ын 13, АН-ын 8, ХҮН-ийн 2 сайд бүрдүүлдэг. Харагдах талаасаа, улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл, намын шошго нь өөр боловч Хамтарсан Засгийн газар гэсэн нэг малгайнд багтаж нэгдсэн Монгол Улсын хөгжлийн төлөө бодлого тодорхойлж буйгаараа онцлог. МАН, АН, ХҮН намын дарга нар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурсан үндсэн шалтгаан ч ийм. Өөрөөр хэлбэл, УИХ-д хамгийн олон суудалтай гурван намын хамтралаас бүрдсэн Засгийн газарт танай, манай сайд гэж үгүй. Монгол Улсын эрх ашиг, түүнтэй холбоотой шийдвэр л гэж бий. Хуулиараа ч Засгийн газар танхимын зарчмаар ажиллах заалттай. Хэн нэгэн сайд нь дур мэдэж асуудал оруулж ирснийг Ерөнхий сайд алх цохиод баталгаажуулдаггүй гэсэн үг.

Яг энэ агуулгаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах төсөл оруулж ирсэн нь улс төр, нийгмийн хүрээнд гал дуудав. Агуулга нь агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас 20 жилийн турш нийлүүлэх тухай. Ингэхдээ хамтарсан компани байгуулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ОХУ-д өгөх тохироотой гэх хардлага дагуулсан нь дайран дээр давс нэмсэнтэй агаар нэг болов. Угтаа бол “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Японы хөнгөлттэй зээлийн хүрээнд барьж, ашиглалтад оруулсан ч менемжентийг нь давхар хариуцуулахаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын “Эрчис Ойл”, ОХУ-ын Роснефтьтэй 60:40 харьцаатай байгуулах түлш хангамжийн комплексийг байгуулсан ч нисэх буудлын менежментийн асуудал огт хөндөгдөхгүй гэсэн үг. Японы тал хариуцдагаараа хариуцаад явна. 

Эсрэгээрээ Монгол Улсын агаарын түлшний нийлүүлэлт ОХУ-ын ямар нэгэн хориг, хязгаарлалтад орохгүйгээр тогтвортойгоор тасралтгүй явахаас гадна “Эрчис Ойл”-ын 60 хувийн эзэмшлийн компанид бид давуу эрхээ эдэлнэ. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 96 хувийг ОХУ-аас авдаг. Үүний 2.6 хувь нь агаарын хөлгийн түлш. Үндсэндээ 100 хувь хараат. Урд хөршөөсөө эсвэл бусад гарцаар дамжуулах боломж үгүй учраас өнөөдрийнхөө нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй. Баталгаатай, найдвартай, тогтвортой нийлүүлэх нь нэн тэргүүний асуудал гэсэн үг.

Учир нь, онгоцны түлшний нийлүүлэлтийн өртөг тасалбарын үнийг шууд тодорхойлдог болохоор. Угтаа бол нэг тн түлшний бодит үнэ 3.5 сая төгрөг юм билээ. Зах зээлийн ханшаар шүү. Гэтэл тн тутмыг 4.4-4.5 сая төгрөгөөр худалдан авдаг гэж үзвэл үнийн дүнгийн ямар зөрүү үүсэх нь тодорхой. Зөвхөн нийт тасалбарын үнийн 36 хувийг онгоцны түлшний ханш тодорхойлдог гэдгийг энэ салбарынхан онцолдог. Түлшний нийлүүлэлт тогтвортой бас зах зээлийн өртөгтөө нийцэж байвал тэр хэрээр тасалбарын үнэ бодит үнэлгээндээ очиж таарна. Хэдий чинээ хямд үнийг барина төдий чинээ Монгол Улсад аялал жуулчлалын салбар хөгжиж, агаарын орон зай тэлэх нь ойлгомжтой. 

Тэгэхээр Ц.Туваан сайдын УИХ-аар хэлэлцүүлж байгаа хэлэлцээрийн төсөл агуулга талаасаа зөв ч танилцуулахдаа ойлголтын зөрүү үүсгэснийг үгүйсгэхгүй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч тодорхой хэлсэн байна лээ. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хувьд, Ц.Туваан сайд ОХУ-ын Эрчим хүчний сайдтай холбогдож, хоёр намын бүлэг дээр гишүүдийн тавьсан гол, гол асуудлыг засаж, сайжруулаад энэ хэлэлцээрийг байгуулах боломжтой гэж үзсэн. Монголын талаас "хэлэлцээрийн хүрээнд 20 жил түлш нийлүүлнэ", "онгоцны буудлын дэд бүтцийн цогцолборт хамтарсан компани байгуулна", "ОХУ-ын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ" зэрэг дөрвөн асуудалд өөрчлөлт оруулах саналаа ОХУ-д тавина. Гадаад харилцааны яамнаас албан ёсоор дэмжиж ажиллана” гэдгийг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын холбогдох Байнгын хороодоор ярьсан асуудлыг МАН, АН-ын бүлгээр дахин хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн нь энэ. Улмаар маргаан дагуулж, хардлага төрүүлсэн зарим заалтын нэр томъёог ойлгомжтой, хоёрдмол утгагүй болгож, ОХУ-д харилцан саналаа тавьж, өөрсдийн нөхцөлийг сайжруулах асуудлыг Гадаад харилцаа, Аж үйлдвэр, эрдэс баялаг гэсэн хоёр яам хариуцан ажиллахаар болж байна. Үндсэндээ ОХУ-Украины дайн, АНУ-Хятадын татварын маргаанаас үүдэлтэй гадаад орчин дахь дам нөлөөллөөс үл хамаарахгүйгээр онгоцны түлшээ тасралтгүй тогтвортойгоор нийлүүлэх замаар аялал жуулчлалаа хөгжүүлж, агаарын орон зайгаа тэлэх эсэх асуудал сайд Б.Батцэцэг, Ц.Туваан нарын дипломат өрөг дээр хэрхэн нүүхээс шууд хамаарах нь.

Эцэст нь хэлэхэд, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудал аль 2018 оноос ярьж эхэлсэн байдаг. Тухайн үед хоёр улсын Төрийн тэргүүн буюу Х.Баттулга, В.Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Владивосток форумын үеэр анх ярьсан гэсэн үг. Тэгэхдээ Монгол Улсад агаарын хөлгийн түлшний цогцолбор байгуулах, бусад нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр тусгажээ. Үүнээс хойш хоёр улсын Төрийн дээд хэмжээний айлчлал, уулзалт болгонд эл хэлэлцээрийг хөндөж явсаар 2022 онд тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ОХУ-ын “Газпром” компанийн захирал Игорь Сечинтэй санамж бичиг байгуулж, тодорхой заалтуудаа нарийн тохирсон байдаг. Үүний үргэлжлэл нь өнөөдрийн Ц.Туваан сайдын УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн хэлэлцээр. Зөвхөн өнөөдөр санаачлаад маргааш батлуулах гээд улайран зүтгээд байгаа асуудал огт биш. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл яваа хэрэг. Ганц үнэн гэвэл УИХ, Засгийн түвшинд хэлэлцээрт холбогдох өөрчлөлтийг оруулж, өөрсдийн эрх ашгийг хангуулахаар болсон нь гол аргумент.

Г.Эрхэс