Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Хятадын экспог ирэх есдүгээр сард болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн урилгаар 4 дүгээр сарын 25,26 өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян Монгол улсын ерөнхийлөгчид өчигдөр бараалхсан байна.
Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтаж өнөөдөр хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн үеэр Монгол улс, БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт МУ-ын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шан нар гарын үсэг зурлаа. “Монгол Хятадын экспо” гуравдах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны удирдлагаар энэ жилийн 9 дүгээр сард ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад үзэсгэлэн яармаг, хурал форум, соёлын солилцоо, аялал жуулчлалын зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.





