Х.Нямбаатар: Рио Тинто гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн

“Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Туркойз Хилл, Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Захидалд Оюутолгой төслийг удирдаж байгаагийнхаа хувиар Рио Тинто гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Цар тахалтай эдийн засгийн хүнд үед Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан.

Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байна гэсэн.

УИХ-ын 92 дугаар тогтоолын заалтад дурдсан “Эрдэнэс Оюутолгой”-н ногдолтой холбоотой асуудлыг бидэнтэй ярьж болно шүү гэдэг давхар утгыг илэрхийлсэн.

Хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байна. Төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. Бид Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, хэлэлцээр хийхээр ирсэн Б.Болд тэргүүтэй Рио Тинтогийн төлөөлөлтэй ойрын үед уулзах товоо зарлана" гэлээ.