С.Наранцогт: Хариуцлагатай, өндөр албан тушаалтан нэр хүндэд халдсанд харамсаж байна

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Сангийн яамны зарим албан хаагчтай холбоотой, үндэслэлгүй мэдээлэл гарсныг тодотгосон тэрбээр “Хотын дарга биднийг үндэслэлгүй гүтгэлээ. Энэ сарын 6-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийсэн. Тэрбээр "Бид 30 автобус худалдан авах тендер зарласан ч Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга дөрөв дэх компанийг шалгаруул, эс бөгөөс АТГ-т өгнө гэсэн. Тэд санхүү, мөнгөний ашиг сонирхолтой, сүүлийн 30 жил ингэж ажиллаж ирсэн" гэж албан хаагчдыг илт гүтгэсэн. Иймд бид хариу тайлбар өгөх зорилгоор энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Хариуцлагатай, өндөр албан тушаал хашдаг хүн бусдын нэр хүндэд халдсанд харамсаж байна. Сангийн яамнаас нийслэл рүү явуулсан албан бичгийг сэтгүүлчдэд одоо тараана. Энэ албан бичигт аль нэг компанийг шалгаруулах тухай огт дурдаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д зааснаар тендертэй холбоотой гомдол гаргавал манай улсын байцаагч тендерийн материалтай танилцдаг. Дараа нь дүгнэлтээ гаргаж, Худалдан авах ажиллагааны газар болон Хуулийн хэлтсийн дарга нараар хянуулдаг. 

Төрийн худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой гомдлыг ААН-үүд маш их гаргадаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарлажээ. Энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шалгарч чадаагүй нэг компани гомдол гаргажээ. Төрийн нарийн бичгийн даргын хувьд би тэрхүү дүгнэлтийг албажуулдаг.

Нийслэлийн парк шинэчлэлийн тендерийн талаар товч мэдээлэл өгье. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 60 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахаар зарлажээ. Долоон компани энэ тендерт оржээ.  Захиалагч тал "Сүлдэр хан минерал" гэх компанийг шалгаруулсан байна. Гэвч гурван компани Сангийн яаманд 18 зүйлээр гомдол гаргасан.

Төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд бид цахим систем нэвтрүүлсэн. Татварын мөнгийг олон нийтийн хяналт дор нээлттэй явуулахын тулд хэд хэдэн хуульд ч өөрчлөлт оруулсан юм. Худлаа зүйлийг үнэн, үнэнийг худлаа болгох ямар ч боломжгүй. Гэтэл гомдол гаргасан компаниуд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзжээ.

Манай яамны улсын байцаагч гомдлыг хянаад "Сүлдэр хан минералс" компани дурдсан 18 зүйлээс зургааг нь хангаагүй байна гэсэн. Тухайлбал энэ компани автобус нийлүүлсэн туршлагагүй,  өөрийн эзэмшлийн засварын төвтэй байх шаардлагыг хангаагүй, хамтарч оролцсон хятадын компани нь шаардсан материалыг дутуу ирүүлжээ.  Энэ компани ажлын туршлага гэсэн хэсэгт "Нууц гэрээгээр машин механизм нийлүүлдэг" гэжээ. Сангийн яам ийм гэрээ байгуулах нь буруу гэж үзнэ. Төрийн өмчит, уул уурхайн компанид ч ийм гэрээ байгуулсан тохиолдол бий. Сангийн яам төсвийн зарцуулалтыг ил тод болгохоор ажилладаг. Хэдхэн хүн нууцаар, шууд гэрээ байгуулж болохгүй.

Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй  шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандах нь зөв юм. Захиалагч тал буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж гомдсон тал үзвэл зохих байгууллагад нь хандах нь зөв. 

Автобус худалдан авах тендерийг Нийслэлийн худалдан авах газар боловсруулсан. Тэд захиалагч нь юм. Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаад, гэрээгээ түргэн байгуулж, автобусаа худалдан авах нь тэдний үүрэг хариуцлага. Сангийн яамнаас шалтгаалж, автобус нийлүүлэлт хойшлоогүй. Ирэх оны улсын төсвийг УИХ баталсны дараа буюу ирэх арваннэгдүгээр сард дахин тендер зарлах боломжтой” гэв.