Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2021.09.10) хүрэлцэн ирлээ.
Төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жүльен Попер болон албаны бусад хүмүүс угтан авчээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар багтаж байна.
Албан ёсны айлчлалын хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал юм.