Д.Ганбат: Улсаараа бензингүй болсон үед гадуур зугаалах эрх байхгүй

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа. Монгол Улс тэр чигтээ бензингүй болсон ийм үед гадуур зугаалах эрх байхгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Асуудал үүссэн ч шийддэг байсан. Ерөнхий сайд хариуцлагаа хүлээх шаардлагыг хүргүүлнэ. МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих нэрийдлээр эрх баригчид халдварыг ихэсгэсэн. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс төрийн гурван өндөрлөг уучлалт гуйх ёстой. Эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдлаар бид ажиллана" гэдгийг онцоллоо.