ЦЕГ-аас анхааруулж байна

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сард СХД-ийн нутаг дэвсгэрт иргэн Ц нь хашаа байшин худалдаж авах гэж 33 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэргийг СХД-дэхь цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгт 52 настай Д гэгчийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн худалдан авалт хийх тохиолдолд холбогдох бичиг баримтыг сайтар нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллаас зөвлөлөө. 

Мөн энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр нэр бүхий сайтад байрлуулсан зарын дагуу хоёр өрөө байр түрээслэхээр хоёр удаагийн гүйлгээгээр 1.5 сая төгрөг үл таних хүний данс руу шилжүүлж залилуулсан гэх хэргийг БЗДЦГ-ын 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Уг хэрэгт 23 настай Х-г холбогдуулан шалгаж буй.

Цахим орчинд байршуулсан зарын эх сурвалжийг шалгаж, түрээсийн гэрээг хийх тохиолдолд тухайн иргэний нэр дээр орон сууц бүртгэлтэй эсэх, байрны гэрчилгээ зэргийг нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлэхэд анхаарна уу. 

Түүнчлэн энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр иргэн О нь бараа захиалахаар нэр бүхий байгууллагын дансанд таван сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэхь цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгт 45 настай М гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Иймд иргэд цахим орчинд худалдан авалт хийхдээ албан ёсны, баталгаатай аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаж сайтар нягталсны үндсэн дээрээс худалдан авалт хийх нь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.

Мөн энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр иргэн У нь БНСУ-ын виз гаргуулахаар 5.1 сая төгрөгийг дугаар бүхий данс руу шилжүүлж залилуулсан гэх хэргийг БГД дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгт 27 настай А-г холбогдуулан шалгаж байгаа юм байна. 

Албан ёсны байгууллага буюу Элчин сайдын яам, консулын газарт хандан визээ мэдүүлж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Нягтлах тусам аюулгүй.