Т.Доржханд: Коммунист намын хуралтай гээд Хятадын талаас улам чангалж байна

Гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Танилцуулгатай холбогдуулж, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нүүрсний үнэ түүхэндээ байхгүй өндөр байхад бид хоногт 100 машин нүүрс гаргаж байгаа. Үүнийгээ хариуцдаг хүн байхгүй. Манай талаас ковидтой хүн оруулаад байгаа учраас нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг нэг сар хамт байрлуулаад арай гэж явууллаа гэхэд дундуур нь нэг, хоёр ковидтой хүн орчихдог. Энэ цэвэр зохион байгуулалтын ажил шүү дээ. Яаж ажиллах юм бэ. Энэ жил Өвлийн олимп, ирэх жил Коммунист намын хуралтай гээд Хятадын талаас улам чангалж байна. Үүн дээр ямар арга хийх ёстой юм бэ?

Төмөр замын бүтээн байгуулалт байна. Хоёр чиглэлээр зам тавьж байгаа. Ямар компанитай, ямар нөхцөлөөр гэрээ хийснээ нуучихсан шүү. УИХ-ын гишүүний хувьд надад энэ мэдээллээ өг. Зах зээлийн үнээс 10-20 дахин их үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна гэдэг мэдээлэл ирээд байна. Цаашаа санхүүжилт нь яаж явах вэ. Эрдэнэс Тавантолгойн мөнгөөр барьж байгаа гээд байгаа.  Энэ компани одоогийн байдлаар 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Гэтэл 80 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гээд МИАТ компанийн гүйцэтгэх захиралтай хариуцлага тооцсон байна. Гэтэл 2.3 их наядын алдагдалтай компанитай хариуцлага тооцох уу. Төмөр замынхаа санхүүжилтийг цаашдаа хаанаас хийх вэ?" гэдгийг хэлсэн юм.