Л.Энх-Амгалан: Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломжтой

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан багш нарын цалин урамшууллын системд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцоллоо. “Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ. Боловсролын салбарын санхүүжилт суурь санхүүжилт буюу цэцэрлэг сургуулийн дулаан, цахилгаан, барилгын урсгал зардал байдаг ба мөн нэг хүүхдийг сургах хувьсах зардлаас эх үүсвэрээ авдаг. Цаашдаа бид дээрх дээр нэмээд үр дүнд суурилсан урамшуулал гэсэн шинэ тогтолцоог нэмж гурван эх үүсвэрээр цэцэрлэг, сургуулийг санхүүжүүлнэ. Багш нарын суурь цалин өндөр болж байж л нэмэгдэл, урамшуулал илүү хувиар тооцогдох учраас дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хувьсах зардлын аргачлалаа шинэчилснээр багш нарын цалин хөлс дунд болон урт хугацаанд бодитойгоор үнэлэгдэх, тэдний халааснаас үргэлж гардаг сургалтын материал, цаас, интернет, комьютерийн элэгдлийн зардлууд нь эндээсээ тооцогддог байх шинэчлэлтийг хийнэ. Ер нь багш нарын цалин хангамж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэлээн өндөр түвшинд гаргаж байж чанартай боловсрол шаардана. 2022 оны улсын төсөвт хийх өөрчлөлтүүд ч үүнд чиглэж байна.  Гэхдээ орлого, үр дүнгийн урамшууллыг суурь цалингийнх нь нэг хэсэг болгох юм бол суурь цалинг хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын дундаж цалин буюу 1,2-1,3 сая төгрөгийн түвшинд хүргэх боломжтой гэж харж байна" гэв.