М.Оюунчимэг: Халдвар аваагүй иргэдээ урамшуулмаар байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг халдвар аваагүй иргэдийг урамшуулах асуудлыг хөндөж, ирэх оны төсөвт суулгах санал гаргав. Тэрбээр "Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан бодоосой гэж хүсэж байна. Коронавируст халдвараар өвчилж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь яах вэ гэдэг талаар ярьж байгаа. КОВИД-19 туссан хүмүүст нь багц олгож санхүүжилт гаргаад явж байна. Ковидын халдвар тусаагүй, дархлаагаа сайн дэмжиж, хариуцлагатай эрүүл байгаа 2,7 сая иргэндээ талархал илэрхийлэх хэрэгтэй. Цар тахлаас өөрийгөө болон эргэн тойрноо хамгаалж, хариуцлагатай байгаа иргэдээ нэг удаад сувилалд үнэгүй амраах ч юм уу, ямар нэгэн байдлаар урамшуулмаар байна. Ингэвэл хүмүүс биеэ зөв авч явдаг, дархлаатай байдаг хүмүүсийг ингэж урамшуулдаг юм байна. Би ч бас адилхан баймаар юм байна гэсэн сэдэл төрнө. 2022 оны төсөвт энэ талаар суулгаж өгөх хэрэгтэй" гэдгийг хэллээ.