Х.Нямбаатар: Бичлэг цацдаг асуудалд нарийвчилсан зохицуулалт байхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлтэй холбогдуулж, гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр "Шөнийн 03:00 цагт хийсэн гүйцэтгэх ажлын зураг, бичлэг өглөөний 07:00 цагт цацагдаж байна. Хувь хүний, гүйцэтгэх ажлын нууц гэж байдаггүй. Хүний нэр хүнд гутаагдаад дуусдаг. Хүний хувийн нууцыг хамгаалах тухай хуулиар үүнийг л зохицуулах гэж байгаа биз дээ" гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хөндсөн.

Түүний асуултад хууль санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гүйцэтгэх ажлын хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах явцад олон нийтэд сүлжээнд цацагдаж буй асуудалд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Алдагдсан тохиолдолд яах юм? Ерөнхий хуулийн хамгийн сүүлийн заалтад тогтоол зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт бий. Хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? гэдэг заалтаар хуулийн төсөлд нэмж оруулахыг дэмжиж байна" гэв.