Н.Учрал: Койны хохиролд төр хариуцлага хүлээх боломж байхгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын талаар иргэд их сонирхож байна. Таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформ ажиллаад үүнд долоон төрлийн койн арилжаалж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийсэн.

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас олон удаагийн анхааруулга өгсөн. Койн авахдаа маш сайн судалж байж авах ёстой. Орон байраа зараад эсвэл янз бүрийн зээлд хамрагдаад автомашинаа зараад койн авч байгаа нь маш их эрсдэл дагуулж байна. Койн аваад ямар нэгэн эрсдэл учирвал иргэд өөрсдөө хариуцна. Төр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх боломж байхгүй. Сайн бодож, судалж шийдвэр гаргаач гэж хүсмээр байна. Виртуал хөрөнгийг худалдаж авснаар хүн болгон ашигтай ажиллаагүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулахдаа энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас өгсөн 15 дугаар зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоно.

Дэлхийн 84 улс виртуал хөрөнгийг албан ёсоор хуульчилсан. Манай улс ч мөн адил. Нийт таван үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож, Санхүүгийн зохицуулах хяналтаа тавин улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр авна. Койн гаргах гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтээ гаргана. Үүнийх нь өмнө мэргэжлийн холбоогоор шаардлагатай дүгнэлт гаргуулахаар хуульд тусгасан. Дүгнэлт гаргасны дараа биржийн үйл ажиллагаа явуулж буй платформууд шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг гарган шаардлагатай бол арилжаагаа хийнэ. Үйлчилгээ үзүүлж буй биржүүд койн гаргах үйл ажиллагаанд маш сайн анхаарч ажиллана. Биржүүд хуулиараа хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар баталбал энэ салбар тодорхой зохицуулалттай болно" гэв.