Ж.Мөнхбат: Ц.Нямдорж сайд аа, Хархоринд шинэ нийслэл байгуулах юу болсон бэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэжээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулга хийсэн юм.

2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, тус хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалтыг гаргажээ.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар батлахдаа шинэ нийслэлийн асуудлыг хөндсөн. 2020 онд хэрэгжүүлж дуусах заалт бий. "Алсын хараа-2050"-ыг өнгөрсөн жил баталсан. Шинэ нийслэл байгуулах дэд бүтцийг шийдвэрлэх утга агуулга бүхий заалт оруулсан. Энэ заалтууд хэрэгжих үү? Улаанбаатарт түгжрэлийн асуудлыг ярьж байна. Нийслэлийг чиглэсэн нүүдлийг зогсоох арга замыг эрэлхийлж байна. 2001 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. Орхоны хөндий Хархоринд шинэ нийслэлийг байгуулах тогтоолыг УИХ баталсан. Та тодруулга өгөөч ээ? 2020-2024 оны хөтөлбөрт туссан асуудал" гэдгийг Хэрэг эрхлэх газрын даргаас асуув.

Харин сайд Ц.Нямдорж "Бүсчилсэн хөгжлийн баримт бичгийг шинэчилж цаашаа явах байх. Жайка-тай хамтарсан тав дах удаагийн хурлыг хийсэн. Нийслэлийг нүүлгэх талаар ойрын хугацаанд хэцүү. Ийм санал байнга явдаг. Шийдвэрлэхийн тулд эхний ээлжид зураг төсөл гарсан байх ёстой. Хөрөнгийн асуудал гарна. 2024 оныг хүртэл зураг төслийг хийнэ үү гэхээс шууд байшин барих бололцоо байхгүй" гэв.