Шинээр байгуулах хоёр яамны чиг үүргийг нэмжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Үүнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон Монгол Улс Хятадын Засгийн газар хоорондын хилийн худалдаа эдийн засгийн бүс байгуулах зэрэг асуудал багтсан байна. Засгийн газраас Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулахаар тусгаад байгаа юм.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр Худалдан авах ажиллагааны агентлагийг Шадар сайдын харьяанаас Сангийн сайдад шилжүүлэх, цөмийн энергитэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдын мэдлээс гаргаж Боловсролын сайдад, жендерийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсролын сайдын чиг үүрэгт өгөх саналыг дэмжжээ.

Тэрбээр "Эдийн засгийн хөжлийн яамыг байгуулах саналыг дэмжсэн. Чиг үүргийн хувьд тав байсныг 11 болгож нэмсэн. Цахим хөгжлийн яамыг байгуулахыг дэмжиж байна. Засгийн газраас долоон чиг үүрэгтэй байсныг есөн чиг үүрэг болгож нэмэгдүүлсэн. Боловсрол болон ойн агентлаг байгуулахыг дэмжсэн. Харин төрийн худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харьяанд байж болохгүй гэж үзээд өмнөх жишгээр Шадар сайдын харьяанд байх ёстой гэж үзсэн. Жендерийн тэгш байдлын тухай асуудал өргөн цар хүрээтэй. Тиймээс энэ асуудлыг нэг сайдын харьяанд өгөх нь учир дутагдалтай учраас Ерөнхий сайдын харьяанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг дэмжиж  Бүлэг шийдвэр гаргасан.

Монгол Улс Хятадын Засгийн газар хоорондын хилийн худалдаа эдийн засгийн бүс байгуулах асуудлыг УИХ-д Засгийн газарт өргөн барьсан. Ерөнхийд нь хэлэлцээрийг Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэртэй учраас хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэх үед нь дэмжих саналтай байна" гэлээ.