Хариуцлага алдвал гэрээ сунгахгүй, торгууль төлүүлнэ гэдгийг анхааруулжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүний хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө.

Одоогийн байдлаар:

  • I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 62.48 хувьтай байна.
  • II багц буюу хар модот давааны араас урьхан хүртэл 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй,  III багц буюу Урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.
  • IV багц буюу  Сүмбэрийн уулзвараас цайдмын хөндий хүртэлх 45.08км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26,  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.

2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд  авто замын зорчих хэсгийг түр нээнэ. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

С.Очирбат: Энэ жилийн төлөвлөгөөт ажил 80-90 хувийн биелэлттэй

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбат “ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км авто замд нийт 9 гүүр бий. I багцын гүүрийн ажил дууссан, II, III багцад байх 5 гүүр барих ажил 50 хувьтай, IV багцын 2 гүүрийн нэг нь 90, нөгөөх нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Багц бүрд 32-64 орчим хоолой суурилуулахаас I багцынх бүрэн дууссан, II,III багцынх 50-60, IV багцынх 80 хувь, V багцынх бүрэн дууссан. Нийт ажлын тоо хэмжээгээр 40 гаруй хувийг гүйцэтгэсэн байгаа.

Энэ жилийн гол зорилт нийт замынхаа далан, хиймэл байгууламжийг 60-80% орчим хийхээр төлөвлөснөөс 80-90 хувийн биелэлттэй байна. Өвлийн улиралд газар шорооны ажил явагдах боломжгүй ч хайрга чулуугаа бутлах, үйлдвэрийн баазад цагираг, хоолой бэлтгэх зэрэг материал бэлтгэлийн ажлаа хийнэ. Ирэх жилийн гуравдугаар сарын 15-20-ны хооронд замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

С.Баярбилэг: I багцын далан, хиймэл байгууламжийн ажил 100 хувь дууссан

Улаанбаатар-Дархан чиглэлийн ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй 1 дүгээр хэсгийн авто замын төслийн захирал С.Баярбилэг "I багцын далангийн болон хиймэл байгууламжийн ажил 100 хувь дууссан.

Суурийн ажил 30 км явсан. Суурь асфальт хучилт 22.6 км хийсэн. 2021-2022 оны өвлийн улиралд хөдөлгөөн нээнэ гэж яамнаас хэлсэн учир хөдөлгөөн нээхтэй холбоотой тэмдэг тэмдэглэгээ бетон хашлага болон бусад ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна" гэв.

Ө.Содбилэг: 2022 оны 11 дүгээр сард бүрэн дуусган хүлээлгэж өгнө

БНХАУ-ын “Чайна Гежөүба” групп компанийн төслийн менежерийн орлогч Ө.Содбилэг "Манайх энэ жилийн хувьд ажлын 25 хувийн гүйцэтгэлээр ажлаа дуусгана гэж төлөвлөснөөс тус хувьд хүрсэн. Өнөөдрийн байдлаар далангийн болон хоолойны ажил дуусах шатандаа орж, дүүргэлтээ хийж байгаа. Ирэх жилийн арваннэгдүгээр сард 100 хувь дуусгаж хүлээлгэж өгнө" гэлээ.