Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунд хамрагдсан бол шинжилгээ өгөх шаардлагагүй

УОК, НОК-оос "Ковид-19"-ийн нөхцөл байдлын талаар хамтарсан мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс хатуу хөл хориог зургаан удаа тавьсан. Түүхэндээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах хувь руу унасан үзүүлэлттэй байна. Өнөөдрөөс соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээлээ.

Монгол Улс 2,8 сая вакцины нөөцтэй байгаа. Гурав дахь тун хийж байгаа цөөн улс орны нэг. Өнөөг хүртэл хатуу хөл хориотой байгаа улс олон бий. Вакцинжуулалтад цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлж чадсан.

Өнөөдрөөс эхлэн баяр ёслол, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавина. 20 мянган төгрөгийн төлбөртэй ч өөр хувилбар бий. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газрын гадна түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ.

Цар тахал бидний нийгэм, эдийн засгийн байдалд хүнд нөхцөл бий болгож байна. Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохоор боловсролын салбарын нэг завсардсан үе бий боллоо. Улбар төвшинд байгаа ч шат дараатай нээх арга хэмжээг ийнхүү авч байна. Хэрэв вакцинжуулалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар төвшин рүү шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар гурав дахь тунгийн дархлаажуулалт 23 хувьтай байна" гэлээ.