Монгол сурагч бүх Оросын англи хэлний олимпиадад III байр эзэлжээ

ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг 1998 оноос эхлэн жил бүр  тогтмол явуулж иржээ.

Энэ жилийн олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн Лингвистикийн их сургууль дөрөвдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулав. Улмаар Майн баярын өмнөх  өдөр шагналтнуудаа зарлаж, Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.

ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын  10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гуравдугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгдэв.