ОХУ-тай хамтран гахайн цогцолбор байгуулах талаар ярилцжээ

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд манай улс ОХУ-тай хамтран гахайн цогцолбор аж ахуй байгуулах төслийн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевтай уулзах үеэр ярилцав.

Түүнчлэн ирэх оны хаврын тариалалтад шаардлагатай азотын болон бусад төрлийн бордоог ОХУ-аас импортлох, “СПЕЦМАШ-2023” хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулах талаар ярилцлаа.

Мөн “Монгол Улсын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн паркийг шинэчлэх хөтөлбөр”-ийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх, “Биокомбинат” ТӨҮГ-ын өргөтгөл, шинэчлэлийн төсөл дээр хамтран ажиллах боломжийн талаар уулзалтын үеэр хэлэлцлээ.

Дээрх асуудлыг энэ оны 11 дүгээр сарын 14-16-нд Москва хотноо зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны протоколд тусгаад байгаа юм.

Манай хоёр орны худалдааны тэнцлийг харилцан тэнцвэржүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэх шаардлага буйг хэлэлцлээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны нэг ОХУ-ын хувьд бараа бүтээгдэхүүний импортын татварт ноогдуулж буй өндөр хувь хэмжээг бууруулах, нэн ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг хөнгөвчлөхөд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгааг ХХААХҮ-ийн сайд уулзалтын үеэр илэрхийллээ.