С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4.440 км-ээр нэмэгдэнэ
Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас ирэх оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай хэмээн Сангийн сайд дурдав. Шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсвийн бодлогын гурван онцлогийг тэрбээр танилцуулав.
Анх удаа бүсчилсэн хөгжлийг бүрэн дэмжсэн төсөв болж буйгаараа онцлог аж. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 23 жилийн дараа шинэчилж, газар түүний баялаг, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглан, хүн ам, үйлдвэрлэлийн төвлөрлийг задалж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг бүс нутгийн тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшнийг ойртуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх эрхэм зорилтыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн интеграцчилал бий болгоход шаардагдах нэн тэргүүний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлжээ.
Урьд нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлсэн хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. Үүний үр дүнд 2028 онд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4.440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1.650.9 МВт цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1.519 км цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна гэлээ.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоог татварын бодлогоор дэмжихээрээ онцлогтой юм байна. Бүсчилсэн хөгжлийг дан ганц хөрөнгө оруулалтаар, улсаас шийдэх боломжгүй хэмээн үзэж, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломж бүрдэх аж. Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог урамшуулан идэвхжүүлэх бодлого баримталж, томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Гуравдугаарт, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхээрээ онцлогтой гэв. Нийслэл хотод сүүлийн 30 жилд нийтдээ 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Түгжрэл, орчны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгажээ. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөл бүрдэж, авто замын түгжрэл бодитой буурна хэмээн тооцсон байна.
Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах хэлбэрээр, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Сангийн сайд төслийн танилцуулгадаа дурдав. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ хэмээн тооцсон байна. Түүнчлэн, 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшил бизнесийн орчин сайжрах ач холбогдолтой гэлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрч, нэгдсэн төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг болох тооцооллыг гаргасан байна.