НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Т.Даваадалай: Улаанбаатар хотын серитэй дугаарыг олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан. 11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай зарим мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд бид урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж буй. Тухайлбал метро, дүүжин тээвэр, туулын хурдны зам зэрэг томоохон төслийг нийслэлээс хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ богино хугацаанд түгжрэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж шаардлагатай арга хэмжээг хурдан хугацаанд авч шийдвэрлэхгүй бол Улаанбаатар хотын түгжрэл дээд цэгт хүрч оргил ачааллын үед замын хөдөлгөөний тэг зогсолт тогтмол болох эрсдэл өндөр байна. Та бүхэнд зарим статистик тоо мэдээллийг хүргэе. Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрч байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам 2 сая хүртэл тооцоолол гарсан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд буй. Тиймээс бид түгжрэлийг бууруулах богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах арга хэмжээг аваад байна. Ингэснээр ирэх сарын 8-ны өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаарыг олгохгүй.