С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудал”-ыг хэлэлцэв
Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын 60 жилийн ойн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд “Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдэвт онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 30 гаруй илтгэл ирснээс өнөөр 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер Л.Эрдэнэбат “Манай байгууллага нь бүс нутаг, хот, тосгоны төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр байнгын судалгаа хийх чиг үүргийнхээ хүрээнд хот байгуулалтын өнөөгийн төлөв, чиг хандлага олон улсын болон манай улсын хэмжээнд ямар түвшинд байгааг уг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхийг зорьсон. Цаашид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэл болгон олны хүртээл болгохын сацуу оновчтой санал, дүгнэлтийг бодлогын түвшинд тусгахаар зорьж байна” гэв.
“Престиж инженеринг” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Миний хувьд уг хуралд хот төлөвлөлттэй холбоотойгоор үерийн хамгаалалтын байгууламжийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваан авч үзэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Тодруулбал, 1966 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үерийн хамгаалалтын байгууламжийн талаар тусгаж өгч байгаагүй талаар нэгдүгээр үе шатанд дурдсан. Харин хоёрдугаар үе шатанд 1966 оны үерийн дараа хот төлөвлөлтөд Туул, Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөгөөг боловсруулж, 1990 он хүртэл хэрэгжүүлсэн талаар авч үзсэн. Гуравдугаар үе шатанд 1990-2023 он хүртэлх цаг хугацааг тодотгон, шинэ суурьшлын бүс бий болсноор үерийн хамгаалалтын байгууламжийг үгүй хийж, Улаанбаатар хотыг эрсдэлтэй байдалд оруулсан талаар тусгасан. Эцэст нь 2023 оноос хойш “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын байгууламжийг хамгаалах, бусад инженерийн байгууламжтай холбох санал, шийдэл үр дүнтэй хэрэгжиж буй талаар гаргаж ирсэн юм” гэлээ.
Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Архитектурын салбарын ахлах багш Н.Нарантуяа “Би “Улаанбаатар хотын гоо зүйн үзүүлэлт судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Орон зайн уран сайхны шийдэл нь хот төлөвлөлтөд чухал ач холбогдолтой зүйл хэдий ч манай улсад орхигдсон сэдвүүдийн нэг байдаг тул уг сэдвээр судалгаа хийсэн. Цаашид хот төлөвлөлтийн чиглэлийн судлаачид энэ төрлийн судалгааг хөндөх, иргэдэд мэдлэг, мэдээлэл, ойлголтыг өгч, бодлого төлөвлөлтөд тусгах, улсын комиссоос барилга, байгууламжийг хүлээн авахдаа гоо зүйн үзүүлэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлсэн” хэмээв.