С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхий сайд өөрийн стратегийг танилцуулахаар Шанхайг зорьсон уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ үеэр “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөжээ. БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын захиргаатай хамтран Олон улсын импортын экспог энэ сарын 5-10-нд зохион байгуулахаар товлосон юм. Гол зорилго нь дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцахад чиглэдэг.
Өмнөх VI удаагийн экспод 128 орны 3400 аж ахуйн нэгж оролцсон бол энэ удаад мөн тооны байх талаар зохион байгуулагчдын зүгээс онцолжээ. Өөрөөр хэлбэл, ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи, автомашин, өргөн хэрэглээний бараа болон хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, аялал жуулчлал, соёл, боловсрол, тээвэр логистик зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллийн зүгээс улс дамнасан хамтын ажиллагаа, түншлэлийг эрэлхийлдэг гэсэн үг.
Үндсэндээ олон улсын экспод оролцож, үзэсгэлэн үзэх нь Ерөнхий сайдын ажлын айлчлалын гол зорилго биш хэрэг. Эсрэгээрээ “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” бүхий стратеги хэрэгжүүлэхээ зарласан тэрбээр Засгийн газрын зарим гишүүний хамтаар дэлхийн хамгийн том экспог зорьсон нь шалтгаантай байж таарна.
Нэг үгээр, шинэ тогтолцооны хөрс суурийг тавих учиртай 126 гишүүнтэй парламентаас батлах анхны төсвөөр дамжуулж Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлохоор зорилт тавьсан энэ цаг үед Монголын Ерөнхий сайд Шанхайд хэнтэй уулзалт хийж, ямар тохиролцоонд хүрэх нь мэдээж сонирхолтой. Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй нь ч тус улсын тээвэр логистик, технологийн компаниудтай уулзалт хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд эерэг дохио болно.
Бүрэн зураглалаараа дэвшилтэд технологи, хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн, тээвэр логистик тэргүүтэй томоохон шинэчлэлийг эхлүүлэх зорилготой энэ Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим шийдлийг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гоос ийнхүү Ерөнхий сайдынхаа түвшинд эрэлхийлэх нь.
“Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна” гэдгийг Засгийн албан мэдээнд дурджээ.
Г.Эрхэс